Чэндүд очоод бидний үзсэн газруудаас хүн дүрст роботын инновацын төв хамгийн их камер, утас чиглүүлсэн зогсоолуудын нэг байлаа. Роботууд алхаж, хөдөлгөөн хийж, үйлчилгээ болон үйлдвэрлэлд ашиглах боломжоо үзүүлж байхад сэтгүүлч бүр өөрийн өнцгийг хайж байв.
Энэ хэсэг аяллын эхний өдрөөс л нэг зүйлийг ойлгуулсан. Учир нь Сычуань гэхээр гаднаас нь халуун ногоотой хоол, панда, аялал жуулчлал хамгийн түрүүнд төсөөлөгдөж болох ч бидний эхний харсан зүйлсийн нэг нь робот, AI, дижитал анагаах ухаан байлаа.
ШҮДНИЙ ЭМНЭЛГЭЭС ЭХЭЛСЭН НЭГ ӨӨР ТҮҮХ
Сычуаний их сургуулийн Хуаши амны хөндийн анагаах ухааны сургууль, эмнэлгийн орчинтой танилцахад сурвалжилгын өөр нэг сэдэв нээгдэв.
Дижитал сургалт, оношилгоо, эмчилгээ, анагаахын сургалтын симуляци гээд бидний хувьд өмнөх өдрийн форумаас огт өөр ертөнцөд орсон мэт байлаа.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц виртуал шүдний сургалтын төхөөрөмжийг өөрийн биеэр туршиж үзсэн мөчийг Sichuan Online-ийн сурвалжилга ч онцолсон байдаг.
Энд технологийг гаднаас нь хараад өнгөрөх бус, өөрсдөө туршиж, асууж, дараа нь өөр өөрийн редакцын өнцгөөр сурвалжлах боломж гарсан юм.
Энэ бол хамтарсан сурвалжилгын нэг давуу тал байсан. Бид бүгд нэг маршрутаар явсан ч бүгд ижил мэдээ хийх албагүй байв.
Нэг редакц технологийг барьж авна. Нөгөөх нь эрүүл мэндийг. Өөр нэг нь түүх, логистик эсвэл телевизийн шинэчлэлийг сонирхоно.
НЭГ ӨДӨР НЬ ИРЭЭДҮЙ, МАРГААШ НЬ ГУРВАН МЯНГАН ЖИЛИЙН ӨМНӨХ ТҮҮХ
Технологийн төвүүдээр явсны дараа Саньсиндуйн музейд ороход аяллын хэмнэл огцом өөрчлөгдсөн.
Өмнөх өдөр нь хүн дүрст роботын хөдөлгөөнийг камертаа бичиж явсан бид энэ удаа гурван мянга гаруй жилийн өмнөх асар том хүрэл баг, хүний дүрс, алтан эдлэлийн өмнө зогсож байлаа.
Энэ үеэр гэрэл зурагчин Н.Сүхбат Саньсиндуйн дурсгалуудыг өөрийн нүдээр үзсэн сэтгэгдлээ Хятадын хэвлэлд хуваалцсан байна. Sichuan Online түүний сэтгэгдлийг эш татан, эртний Шу улсын соёлын өвийг цаашдын сурвалжилгаар Монголын үзэгчдэд хүргэх хүсэлтэй байгааг нь дурджээ.
ТҮҮХЭЭС УЛАМЖЛАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛ РҮҮ
Саньсиндуйн хэдэн мянганы түүхээс гарч бидний дараагийн зогсоол Дэян хотын Мяньжу дахь Жяньнаньчүнь (剑南春) архины үйлдвэр байлаа. Энд очиход аяллын сэдэв дахин өөрчлөгдөв. Музейн хүрэл дурсгалын араас Хятадын уламжлалт архи үйлдвэрлэлийн технологи, хадгалалтын орчинтой танилцсан юм.
Sichuan Online-ийн сурвалжилгад Жяньнаньчүнь компанийн арван мянган тоннын вааран агуулахад улаан бүтээлгээр хучсан 23 мянга гаруй шаазан ваар эгнэн байрлаж байсныг онцолж, үүнийг Хятадын хамгийн том нэг дор төвлөрсөн түүхий архины вааран хадгалалтын агуулах гэж тодорхойлжээ. “Өдрийн сонин”-ы редакцын төлөөлөгч Я.Баярбаатар газар нутаг бүрийн архи исгэх арга өөр боловч цаана нь адилхан ур ухаан, гар ажиллагаа байдгийг онцолсон байна.
ТӨМӨР ЗАМЫН ЗУРАГ ДЭЭР УЛААНБААТАР ХАРАГДАВ
Чэндүгийн олон улсын төмөр замын боомтод очиход бидний хувьд илүү ойр нэг сэдэв гарч ирсэн. Асар том чингэлгүүд, төмөр замын шугамуудаас илүү ханан дээрх олон улсын маршрутын зураг анхаарал татав. Энд бид зөвхөн галт тэрэгний хөдөлгөөнтэй танилцаад өнгөрөөгүй. Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дахь чөлөөт худалдааны бүсийн үйл ажиллагаа, олон улсын худалдаа, бараа түгээлт, гааль, баталгаат агуулах, логистикийн үйлчилгээ нэг дор хэрхэн төвлөрч байгааг мөн үзсэн юм.
Sichuan Online-ийн сурвалжилгад Ergelt.mn-ийн төлөөлөгч олон улсын төмөр замын сүлжээнээс Улаанбаатарын чиглэлийг анзаарч, ийм сүлжээ Монгол, Хятадын эдийн засгийн харилцаанд шинэ боломж нээж буй талаар ярьсныг дурдсан байна.
Монгол Улсын хувьд тээвэр, логистик бол алсын нэг улсын хөгжлийн тухай сонирхолтой баримт төдий сэдэв биш. Манай эдийн засагтай шууд холбогдох асуудал.
Тиймээс энэ зогсоол дээр “Хятад юу хийж байна?” гэдэг асуулт аяндаа “энэ нь Монголд ямар хамаатай вэ?” болж хувирч байлаа.