
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн хөдөлмөр, халамж, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг харьяа газар, хэлтсүүдийн алба хаагчидтай уулзаж байгаа. Энэ уулзалтын хүрээнд дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга З.Балдандугарын хамт 2025 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс (ХГБХХХ)-ийн дарга Б.Даваажаргал болон хэлтсийн хамт олонтой уулзаж салбарын хууль тогтоомжийн шинэчлэл, хэрэгжилт, хэрэгжүүлж буй ажил, ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцөл болон бусад газар, хэлтсүүдтэй уялдаа холбоог хэрхэн сайжруулж ажиллах зэрэг асуудлын хүрээнд санал солилцож ярилцлаа.

Баянгол дүүрэг нийт 253 мянга гаруй хүн ам, 69,519 өрхтэй. 0-16 насны 100 мянга орчим хүүхэд оршин суудаг. Дүүргийн ХГБХХХ-ээс өнгөрсөн онд 3 зорилтын хүрээнд нийт 48 арга хэмжээг хэрэгжүүлж ажилласан бөгөөд салбартаа БҮРЭН ХАНГАЛТТАЙ гэсэн үнэлгээг авсан байна. Түүнчлэн уулзалтын үеэр хүүхэд, гэр бүлийн салбарт тулгамдаж буй асуудал болон яаралтай шийдвэрлэх асуудлын талаар санал солилцлоо. Тодруулбал,
- “Баянгол-Хүүхдийн зуслан”ОНӨУТҮГ-т засвар хийх шинэчлэх, ингэснээр дүүргийн хүүхдүүдийг жилийн 4 улиралд хүлээж авах нөхцөлийг бүрдүүлж, хүүхдийн хөгжлийг дэмжих,
- “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүрэгт бүсчилсэн байдлаар хүүхдийн хөгжлийг дэмжих төвүүдийг нээх,
- Гэр хорооллын бүсэд хүүхдэд зориулсан хөгжлийн төв, номын сан байгуулах, энэ талаарх судалгааг гаргах зэрэг олон асуудлаар санал солилцлоо.
- Мөн хүүхэд хамгааллын хууль 2024.01.17-ны өдөр батлагдаж 2024.09.10-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Хуульд зааснаар хороо, сум бүрд Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай байхаар тусгасан. Хуулийн хүрээнд Баянгол дүүргийн 34 хороонд хүн амын тооноос хамаарч хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан 1-2 нийгмийн ажилтантай байх бөгөөд ингэснээр хүүхэд, гэр бүлийн хамгааллын асуудал сайжрах юм