Нийгэм

ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА

ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА

2026–2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд дөрвөн улирлын бүтэцтэйгээр хичээллэж эхэлсэн. Энэ хүрээнд сурагчид өнөөдөр хичээллээд нэгдүгээр улирлын амралтад шилжих юм.

Боловсролын сайдын 2026 оны долоодугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталжээ.

Шинэчилсэн бүтцийг боловсруулахдаа багш, эцэг эхчүүдийн санал, сурагчдын суралцах онцлог, эрүүл мэнд болон гэр бүлийн амьдралын хэрэгцээ шаардлагыг харгалзсан байна.

Шинэ бүтцээр хичээлийн жилийг дөрвөн улиралд хувааж, сурагчдын хичээллэх болон амрах хугацааг илүү тэнцвэртэй байхаар зохицуулжээ. Тухайлбал, нийслэлийн сурагчид арванхоёрдугаар сарын гурав дахь долоо хоногоос бие даалтын үйл ажиллагаанд шилжиж, улмаар гурван долоо хоног амарна.

Мөн Цагаан сарын баярын долоо хоногт бие даалтын үйл ажиллагаа зохион байгуулж, сурагчид үндэсний өв уламжлал, ёс заншлаа судлах боломж бүрдүүлэхээр тусгажээ. Орон нутгийн сурагчдын хувьд бие даалтын долоо хоногийг мал төллөх үетэй уялдуулан зохион байгуулах юм.

Зуны амралтын хувьд бага ангийн сурагчид тавдугаар сарын хичээл дуусмагц, дунд болон ахлах ангийн сурагчид зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногоос амарна.

Ингэснээр багш нар зуны хугацаанд ээлжийн амралтаа бүрэн эдэлж, наймдугаар сарын дунд үеэс хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангах боломж бүрдэнэ хэмээн үзжээ.