Нийгэм

ИХ ХҮРЭЭНИЙ НҮҮДЛИЙГ МӨНХЖҮҮЛСЭН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

ИХ ХҮРЭЭНИЙ НҮҮДЛИЙГ МӨНХЖҮҮЛСЭН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

​Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой, Нийслэлийн өдрийг тохиолдуулан үе үеийн хотын удирдлагууд Их хүрээний түүхэн нүүдлийг мөнхжүүлсэн Гэрэлт хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ.

Их хүрээ 1778 онд сүүлчийн нүүдлээ хийж, өнөөгийн Улаанбаатар хот оршин буй Алтан тэвшийн хөндийн Хүн чулууны хонхорт суурьшсан түүхтэй. Уг үйл явдлыг дурсах, нийслэл хотын үүсэл хөгжлийн түүхийг хойч үед өвлүүлэн үлдээх зорилгоор Гэрэлт хөшөөг босгожээ.

​

Улаанбаатар хотын өмнөх суурин 1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээнийг залж, орд өргөө байгуулснаар үүссэн гэж үздэг. Үүнээс хойш Их хүрээ олон газар нүүдэллэсний эцэст 1778 онд одоогийн байршилдаа тогтсон байна. Анх шашин, худалдааны төв байсан Улаанбаатар хот 1912 оноос улсын нийслэл болж, XX зуунд барилгажилт, аж үйлдвэрийн хөгжил даган тэлжээ. Өдгөө нийслэл нь Монгол Улсын улс төр, эдийн засаг, соёл, технологийн гол төв болоод байна.