“Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд хэрэгжүүлэх “Төв аймагт түргэн тусламжийн автомашиныг дахин ашиглах төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав. Түргэн тусламжийн автомашины хэрэгцээ, шаардлага өндөр байгаа Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Лүн, Алтанбулаг, Цээл сумдын Эрүүл мэндийн төвүүдэд Япон Улсад ашиглаж байсан түргэн тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өгнө. 131 мянган ам.доллар хүртэлх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлэх болжээ. Үүний үр дүнд дээрх эрүүл мэндийн байгууллагуудын түргэн тусламжийн автомашины хүрэлцээ, хангамж сайжирч, иргэдэд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээний шуурхай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Японы Засгийн газар манай улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 36 жилийн турш “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг төсөл нь Монгол Улсад хэрэгжиж буй 633 дахь, Төв аймагт хэрэгжих 26 дахь төсөл гэж Японы ЭСЯ мэдээлэв.