Нийгэм

“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО

“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс санаачлан зохион байгуулж буй “1000 сэтгүүлчийн форум” 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд болно. Тус форумд сэтгүүлчид, ахмад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд, эрхлэгчид, редакторууд, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллага болон хүний эрхийг хамгаалах байгууллагуудын төлөөллийг урьж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн талаар нээлттэй хэлэлцэхээр төлөвлөжээ. Форумын хүрээнд хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн эрх, аюулгүй байдал, редакцын хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, хэвлэл мэдээллийн санхүүжилт, өмчлөлийн ил тод байдал зэрэг асуудлыг хөндөнө. Мөн сэтгүүл зүйн нэрийг ашиглан хууль бус ашиг хонжоо олох, бусдыг дарамтлах явдал, олон нийтийн итгэлийг сэргээх, шинэ технологийн нөлөө зэрэг салбарын анхаарал татсан асуудлаар санал солилцоно. Зохион байгуулагчдын зүгээс форумыг хэн нэгнийг буруутгах, тодорхой байр суурийг тулгах бус, хэвлэлийн эрх чөлөө ба хариуцлага, хараат бус байдал ба ил тод байдал, мэргэжлийн ёс зүй ба олон нийтийн итгэлийн тэнцвэрийг хамтдаа тодорхойлох нээлттэй талбар болгохыг зорьж байна. Форумын үеэр нэгдсэн панел хэлэлцүүлэг, сэтгүүлчдийн хаалттай хэлэлцүүлэг зохион байгуулж, салбарын тулгамдсан асуудлаар санал нэгтгэн, сэтгүүл зүйн эрх чөлөө, ёс зүй, хариуцлагыг бэхжүүлэх нэгдсэн уриалга гаргахаар төлөвлөжээ. “1000 сэтгүүлчийн форум” нь Монголын сэтгүүл зүйн салбарын өргөн төлөөлөл, нэгдэл, хамтын хариуцлагыг бэлгэдэж буйгаараа онцлог юм.                                                            Форумын бүртгэл өглөөний 08:00 цагт эхэлж, үйл ажиллагаа 09:00–17:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Бүртгүүлэх холбоос: https://msne.mn/events/15

  Зохион байгуулагч: Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл