2021 оны 04 сарын 10-нд хөл хориог улс даяар тогтоосноос хойш гадаа тоглох хүүхдийн тоо эрс нэмэгдсэн билээ. Манай улсад хүүхдийн тоглоомын талбай хүрэлцээгүй, стандартын шаардлага хангахгүй байгаагийн улмаас хүүхдүүд гэмтэж бэртэх, тэр бүү хэл амь насаараа хохирох явдал гарсаар байна. Ялангуяа дулааны улиралд хүүхэд тоглоомын талбайд тоглож байгаад бэртэж гэмтэх тохиолдол ихэсдэг тухай гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээлж байсан юм. Тэгвэл нийтийн эзэмшлийн талбай болон орон сууцны хороолол дундах хүүхдийн тоглоомын талбайн стандарт, хүрэлцээний асуудал одоог хүртэл шийдвэрлэгдээгүй хэвээр байгаа. Хөл хорионы энэ үеийн дүр зураглалаас бид үнэхээр л нийгэмд маань хүүхдийн тоглох стандарт тоглоомын талбай дутагдаж байгааг харж байна. Европт жижиг гудамжнуудыг ээлж дараатай хааж, тэнд амьдардаг эцэг эхүүд эргүүл хийх далимаар нь өөрсдөө чөлөөт цагаа боловсон өнгөрүүлж,хэрэггүй зүйлсээ дэлгэж зарах , хүүхдүүдээ тоглуулдаг зохицуулалт байдаг юм байна. Ийм үйл ажиллагаа явуулснаар хөршийн холбоо харилцаа сайжиран нийгэмд хүчирхийллийн тоо багасахаас эхлээд олон талын эерэг үзүүлэлтүүд ажиглагддаг байна.
2021 оны 4сарын10 иргэн Мөнхбаярын авсан фото зураг
Энэхүү зохицуулалтыг Баянгол дүүрэг дэх ЕБС, цэцэрлэгийн гадна талбайд бага насны хүүхдүүд тоглох, оршин суугчид салхилах боломжтой болгон хийсэн байна.“Баянгол-Хүүхэд хэрэглэгч” аяны хүрээнд 2021.04.01-06.01 өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүрэг дэх Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна талбайд бага насны хүүхдийг тоглох, хүүхэд залуучууд, оршин суугчдыг салхилах боломжийг бүрдүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад уриалга хүргүүлсэн. Уг уриалгад БГД-ийн бүх сургууль, цэцэрлэг нэгдэж, байгууллагын эзэмшлийн тоглоомын талбайд бага насны хүүхдүүд тоглох, салхилах боломжийг бүрдүүлж, тоглоомын талбайд тоглох түр журам гаргасан байна. Бид Баянгол дүүргээс санаа аван нэгийг бодож хоёрыг тунгааж Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг нэгэнт болжээ.
Хүүхдүүд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, цэцэрлэгийн талбайд түр журамд заасан цагт тоглож байна.
БГД, 4-р хороо, Нийслэлийн 5 дугаар цэцэрлэг
БГД, 5-р хороо, Нийслэлийн 120 дугаар цэцэрлэг
БГД, 14-р хороо, Нийслэлийн 85 дугаар цэцэрлэг
ЕБС, цэцэрлэгийн гадна талбайд ариутгал, халдваргүйтгэл тогтмол хийж байгаа нь.