Нийгэм

ЧЕНДУГИЙН ТЕЛЕВИЗ ДЭЭР ОЧИХОД БИД ӨӨРСДИЙН АЖЛЫГ ЯРЬЖ ЭХЛЭВ ТЭМДЭГЛЭЛ 3

ЧЕНДУГИЙН ТЕЛЕВИЗ ДЭЭР ОЧИХОД БИД ӨӨРСДИЙН АЖЛЫГ ЯРЬЖ ЭХЛЭВ ТЭМДЭГЛЭЛ 3

Сычуань радио телевизийн студид ороход ярианы сэдэв бидний өөрсдийн мэргэжил рүү шилжив. XR студи, виртуал орчин, дижитал хөтлөгч, AI ашигласан контент үйлдвэрлэлийг үзэхэд “энэ технологийг Монголын редакцад хэрхэн ашиглаж болох вэ?” гэсэн асуулт бараг хүн бүрт төрж байлаа.

Монголын талаас телевизийн МҮОНРТ, Малчин ТВ, TV5, Tenger TV, Дорнод телевиз багууд ч энэ хөтөлбөрт ажилласан. Тухайлбал, Tenger TV-ийн сэтгүүлч Нарантуяа Сычуаньд авсан дүрсээ Монгол руу илгээж буйгаа Хятадын хэвлэлд ярьсан бол МҮОНРТ-ийн төлөөлөгчийн байр суурь мөн Хятадын сурвалжилгад оржээ.

Хөх хотын форум дээр бид AI, шинэ медиа, редакцын ирээдүйн талаар ярьсан. Чэндүд харин тэр яриаг студийн дэлгэц, виртуал хөтлөгч, үйлдвэрлэлийн бодит процесс дээрээс харлаа. Энэ хоёр үйл явдал хоорондоо ийнхүү холбогдсон нь энэ удаагийн хөтөлбөрийн сонирхолтой хэсгүүдийн нэг байв.

СУРВАЛЖИЛГА РЕДАКЦЫН АЛБАН СУВГААР ХЯЗГААРЛАГДСАНГҮЙ

Энэ аяллын мэдээллийн хүрээг зөвхөн телевизийн эфир, мэдээллийн сайтын нийтлэлээр хэмжихэд бас дутуу. Багт ажилласан сэтгүүлчид очсон газар бүрээсээ өөрсдийн хувийн сошиал хаягаар зураг, богино видео, тэмдэглэл, шуурхай мэдээлэл тогтмол хуваалцаж байлаа.

image.png

Ийм айлчлалын бодит үр дүнг хэдэн хүн оролцсоноор биш, дараа нь хэдэн бүтээл гарснаар хэмжих нь илүү зөв болов уу.

Зарим редакцын мэдээ биднийг Сычуаньд ажиллаж байх үед Монголд хэдийнэ нийтлэгдэж эхэлсэн.

Wego.mn, Uzi.mn, Zogii.mn, Polit.mn, MIC.mn, Shuud.mn, M21.mn,
iNews.mn, Ergelt.mn, LiveTV.mn, Minii-nutag.mn, Өглөө.мн, Turleg.mn, Tegus.mn, Dornodmedia.mn, ASU.mn зэрэг Монголын олон хэвлэл форум, албан уулзалт, хамтын ажиллагаа болон дараах сурвалжилгыг өөр өөр өнцгөөр мэдээлсэн байна.

image.png

 Хятадын талд ч мэдээлэл нэг эх сурвалжаар хязгаарлагдсангүй. Синьхуа агентлаг форумын үндсэн мэдээ, фото сурвалжилга болон үр дүнгийн дэлгэрэнгүй мэдээг тус тус гаргасан бол “Ардын өдрийн сонин” форумыг есдүгээр сарын 9-ний дугаарынхаа 3-р нүүрэнд мэдээлжээ. China News Service форум, шагнал, гэрээний талаар, Inner Mongolia Daily Хөх хотын арга хэмжээ болон дараах хамтарсан сурвалжилгыг, Sichuan Online Монголын төлөөлөгчдийн Сычуань дахь гурван өдрийн аяллыг тусгайлан хүргэсэн байна. Монгол хэлээр мэдээлдэг SolongoNews, CMG/CRI Монгол ч форумын үйл явдлыг Монголын уншигчдад хүргэжээ.

Өвөр Монголын өдрийн сонины есдүгээр сарын 14-ний нэгтгэлд МОНЦАМЭ, “Зууны мэдээ”, Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз зэрэг гол хэвлэлүүд айлчлалын хугацаанд 30 гаруй мэдээ, нэвтрүүлэг бэлтгэж, нийт уншилт 900
мянгаас давсан тухай мэдээлжээ.

Энэ бол бидний аяллын үеэр мэдэрсэн зүйлийг тоогоор илэрхийлсэн үзүүлэлт байлаа. Автобусанд ч, объект дээр ч хүмүүс зураг, бичлэгээ боловсруулж, мэдээллээ редакц руугаа явуулж байсан. Аялал дуусахаас өмнө сурвалжилгууд нь Монголд хүрч эхэлсэн гэсэн үг.

ХЯТАДЫН ХЭВЛЭЛҮҮД ҮҮНИЙГ “ГҮҮР” ГЭЖ ДҮГНЭВ

Бидний хувьд хэд хоногийн турш үргэлжилсэн форум, сурвалжилга байсан энэ хөтөлбөрийг Хятадын хэвлэлүүд арай өөр өнцгөөс дүгнэжээ. Sichuan Online Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн Сычуань дахь аяллын тухай нийтлэлээ “Хэвлэл мэдээллийн хүчээр иргэдийн сэтгэлийг холбох гүүр байгуулах нь” гэсэн утгатай гарчигласан байна. Тус хэвлэл технологи, түүх, логистик, экологийн өөр өөр цэг дээр ажилласан Монголын сэтгүүлчдийн байр суурийг авч, энэ аяллыг хоёр тал бие биеэ сурвалжилж таних үйл явцтай холбон тайлбарлажээ.

image.png

 Inner Mongolia Daily-ийн мэдээлэлд хэвлэл мэдээллийг улс орнуудын харилцааны гүүр, ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх холбоос гэж дүгнэсэн байна. “Ардын өдрийн сонин” харин Цүй Шышиний байр суурийг эш татан, форумыг хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын тогтмол яриа хэлэлцээний чухал талбар болсныг онцолжээ. CMG/CRI Монгол форумын тухай мэдээлэхдээ оролцогчид “хэвлэл мэдээлэл бол улс орнуудын харилцааг холбох гүүр, ард түмнийг ойртуулах чухал холбоос” гэдэг дээр санал нэгдсэнийг тэмдэглэсэн байна.

Энэ хэсэгт л форумын албан ёсны сэдэвт байсан “харилцан ойлголцол” гэх үг арай бодит утгатай сонсогдож байлаа. Учир нь харилцан ойлголцол гэдэг дан ганц индэр дээр хэлэх үг биш юм байна. Бидний хувьд тэр нь роботын төвд асуулт асуух, Саньсиндуйд камер барих, төмөр замын газрын зураг дээрээс Улаанбаатарыг олох, дараа нь харсан зүйлээ Монголын уншигч, үзэгчиддээ өөрийн өнцгөөр хүргэх энгийн үйл явцаар илэрч байв.

ФОРУМ ДУУССАН. ХАРИН АЖЛЫН ҮР ДҮН ОДОО Л ХАРАГДАНА

Хөх хотын форумын танхимд эхэлсэн аялал Сычуаний телевизийн студи, технологийн төв, Саньсиндуйн музей, Жяньнаньчүнь архины үйлдвэр, Чэндүгийн олон улсын төмөр замын боомт болон чөлөөт худалдааны бүсээр үргэлжлээд өндөрлөлөө. Бид буцаж ирэхдээ олон зураг, бичлэг, тэмдэглэлтэй ирсэн. Харин форумын хувьд таван хамтын ажиллагааны баримт бичиг, шинэ холбоо харилцаа, дараа хамтран хийх боломжууд үлдэв.

Энэ удаагийн XVI форумыг зөвхөн 120 гаруй хүн цугласан, 14 хүн илтгэл тавьсан, хамтын ажиллагааны таван баримт бичиг байгуулсан гэдгээр дүгнэхэд дутуу санагдана.

image.png

 Миний хувьд илүү сонирхолтой нь форумын танхимд ярьсан зүйлс хэдхэн хоногийн дараа сурвалжилгын бодит сэдэв болон үргэлжилсэн явдал байлаа. Хиймэл оюун ухааны тухай ярьсны дараа роботын төвд очлоо. Хамтарсан сурвалжилгын тухай хэлэлцсэний дараа Монголын 40 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөгч Сычуаньд зэрэг ажиллав. “Хөрш орныхоо тухай илүү бодит мэдээлэл хүргэе” гэж ярьсныхаа дараа редакц бүр өөрийн харсан, сонирхсон өнцгөө Монголын үзэгч, уншигчдад хүргэж эхэллээ.

ХАРИН ОДОО ИЛҮҮ ЧУХАЛ ХЭСЭГ ЭХЭЛНЭ.

Хөх хотод байгуулсан хамтын ажиллагааны таван баримт бичгийн хэд нь бодит ажил болох вэ? Энэ өдрүүдэд танилцсан сэтгүүлч, редакцууд дахин хамтарч ажиллах уу? Хамтарсан сурвалжилга дараагийн форум хүртэл үргэлжлэх үү?

XVI форумын жинхэнэ үр дүнг магадгүй дараагийн уулзалтын
индэр дээр бус, тэр хүртэл бид хамтран юу хийснээс харах болов уу.