УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг "Улбар шар түвшинд шилжсэн энэ үед орон нутаг, хот хоорондын хөдөлгөөн хязгаарлалттай байгаа.
Хот, орон нутаг хоорондын шалган нэвтрүүлэх товчоогоор зөвхөн хүндэтгэх үзэх шалтгаантай буюу яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрүүл мэндийн шалтгаантай иргэд, буяны ажлаар зорчих иргэд буюу ойр дотны, гэр бүлийн хүрээний хүмүүс байх ёстой. Дээрээс нь байнгын оршин суудаг өөрийн харьяаны орон нутагруугаа буцаж байгаа иргэд байна. Мөн зайлшгүй шаардлагатай ачаа тээврийг явуулна. Үүнд хүнс тээвэр, шатахуу, эм, эмнэлгийн хэрэгслийн тээвэр, уул уурхайн болон томоохон бүтээн байгуулалтын тоног төхөөрөмж, эдгээрийн бараа ачаатай холбоотой зүйлс, газар тариалан, зам барилгатай холбоотой ачаа тээврийг зөвшөөрнө. Бусад тохиолдлыг зөвшөөрөхгүй.
Хүндэтгэн үзэх шалтгаантай эдгээр хүмүүс нь тухайн очих орон нутгийн Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авна. Тэгэхээр энэ шаардлагад нийцэж байгаа хүмүүс хүсэлтээ тухайн орон нутгийн Онцгой комисст хүргүүлээд, тухайн орон нутгийн комиссоос судалж үзээд таны шаардлага хангасан байна гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөл өгнө. Энэ зөвшөөрлийг үндэслэн шалган нэвтрүүлэх товчоогоор хөдөлгөөн үйлдэнэ. Шалган нэвтрүүлэх товчоод дээр та бүхнээс хэд хэдэн зүйлийг шаардана.
1-рт очих орон нутгийн Онцгой комиссын зөвшөөрлийг шалгана.
2-рт тухайн зорчиж байгаа иргэн, жолооч нь вакцины бүрэн тун буюу I, II тунд хамрагдаад 14 хоног болсон уу, өвчлөөд эдгэрчихсэн үү гэдэг эмнэлгийн магадлагааг шалгана. Хэрвээ вакцины бүрэн тунд хамрагдаагүй, өвчилж эдгэрээгүй энэ тохиолдолд та бүхнээс заавал PCR шаардана. PCR шинжилгээгүй бол тухайн орон нутгийн зөвшөөрөлтэй байсан ч таныг нэвтрүүлэхгүй. PCR шинжилгээтэй байсан ч тухайн орон нутгаас танд нэвтрүүлэх зөвшөөрөл өгөөгүй бол мөн товчоодоор нэвтрүүлэхгүй.
Энэ бол хот болон орон нутаг хооронд зорчих хөдөлгөөн. Тиймээс орон нутагт ч энэ хамаатай. Тухайлбал орон нутгаас Улаанбаатар хот руу зочих гэж байгаа бол нийслэлээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Зөвхөн та бүхэн PCR шинжилгээтэй, эсвэл дээр заасан чиглэлийн дагуу хөдөлгөөн үйлдэх нотлох баримттайгаар нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлнэ. Хэрвээ ийм шаардлагаар биш, зорилго нь тодорхойгүй, хуурамчаар янз бүрийн асуудал байвал та бүхнийг нэвтрүүлэхгүй, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох асуудал хатуу яригдана" гэв.