Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Гол мод” хэмээх газарт 2026 оны 5 дугаар сарын 12-25-ны өдрүүдэд археологийн малтлага, судалгааны ажил хийж, Монголын эзэнт гүрний үед холбогдох долоон булшийг малтан судаллаа. Судалгааны багийг Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн доктор Ж.Баярсайхан ахалж, Америкийн Мичиганы их сургуулийн судлаач доктор Браян Миллер хамтран ажилласан байна. Малтлага, судалгааны явцад өрөмтэй шаазан ваар, эмээл, дөрөө, амгай зэрэг морины иж бүрэн тоног хэрэглэл, төмөр зэв, саадагны тоноглол, төрөл бүрийн чимэглэл зэрэг Монголын эзэнт гүрний үеийн нийгэм, соёл, ахуйг судлахад өндөр ач холбогдолтой хосгүй үнэт олдворууд илэрчээ. Доктор Ж.Баярсайхан “Эдгээр олдворын зарим нь өмнө нь Монголын нутаг дэвсгэрээс бүрэн бүтнээрээ илэрч байгаагүй бөгөөд Монголын эзэнт гүрний үеийн судалгаанд онцгой ач холбогдолтой” хэмээн онцолсон байна. Одоогоор илэрсэн олдворуудыг бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, нарийвчилсан шинжилгээ хийх ажлууд үргэлжилж байгаа бөгөөд судалгааны үр дүнг олон нийтэд үе шаттайгаар танилцуулах юм.