Нийгэм

БАГАХАНГАЙГААС ЭМЭЭЛТ ХҮРТЭЛХ 127 КМ ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ДУУСЖЭЭ

БАГАХАНГАЙГААС ЭМЭЭЛТ ХҮРТЭЛХ 127 КМ ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ДУУСЖЭЭ
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт (Толгойт) чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, зохион байгуулалтын бэлэн байдлыг шалгаж байна. Тус чиглэлийн 127.1 км төмөр замын барилга угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд анхны галт тэргийг аялуулж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Ачаа болон зорчигч тээврийн зориулалттай, III зэрэглэлийн уг төмөр замын гол замын урт 127.1 км, дэлгэмэл урт нь 167.4 км юм.Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух есөн байршилд нийт 1,279.1 урт метр төмөрбетон гүүрэн байгууламж барьжээ. Мөн ус өнгөрүүлэх болон иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөрбетон хоолой байгуулсан байна. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх ачаа тээврийн урсгалыг хотын гадуур чиглүүлэх, төмөр замын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулж, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэх ач холбогдолтой юм.