Төрийн өмчийн орон сууцанд хамрагдах иргэдийг есөн зорилтот бүлэгт ангилж, орон сууцны бодит хэрэгцээ, өрхийн нөхцөл байдлыг харгалзан цахим системээр 100 хүртэлх оноогоор үнэлж, эрэмбэлэхээр төлөвлөжээ. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн орлого, төлбөрийн чадварыг арилжааны банкууд нягталж, баталгаажуулах юм.
“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, иргэдийг орон сууцанд хамруулах нөхцөл болон сонгон шалгаруулалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалт болж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцон, төрийн өмчийн орон сууцны хуваарилалт, санхүүжилт, иргэдийг сонгон шалгаруулах зарчмын талаар мэдээлэл өглөө.
ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛНА
Төрөөс орон сууцны зайлшгүй хэрэгцээтэй иргэдийг тодорхой зорилтот бүлэгт хуваарилж, бүлэг тус бүрд орон сууцны тодорхой хувийг ногдуулахаар танилцуулжээ.
Тодруулбал:
Төрийн үйлчилгээний ажилтнууд– 20 хувь
Ахмад настнууд – 18 хувь
Залуу гэр бүл – 15 хувь
Төрийн бусад албан хаагчид –15 хувь
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэр бүл – 10 хувь
Хувийн хэвшлийн ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгчид – 10 хувь
Өрх толгойлсон эцэг, эх – 5 хувь
Олон хүүхэдтэй гэр бүл – 5 хувь
Гамшиг, ослын улмаас орон гэргүй болсон өрх – 2 хувь
Энэхүү хуваарилалт нь иргэдийг нэгээс есдүгээр байрт эрэмбэлсэн дараалал бус, зорилтот бүлэг тус бүрд ногдуулахаар төлөвлөсөн хувь хэмжээ юм.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ТӨРӨӨС ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛНА
Иргэдийг зөвхөн зорилтот бүлэгт хамаарч байгаагаар нь бус, орон сууцны бодит хэрэгцээ, өрхийн ам бүлийн тоо, орлого, хөдөлмөр эрхлэлт болон бусад шалгуур үзүүлэлтэд үндэслэн үнэлж, эрэмбэлэхээр зохицуулжээ. Тухайлбал, залуу гэр бүлийн хувьд хүүхдийн тоо, гэрлэлтээ бүртгүүлсэн хугацаа, хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого зэрэг үзүүлэлтийг харгалзана. Төрийн албан хаагчдын хувьд ажилласан жил, ам бүлийн тоо, өрхийн орлогыг, хувийн хэвшлийн ажилтнуудын хувьд ажилласан хугацаа, өрхийн нөхцөл болон татвар төлөлт зэрэг мэдээллийг үнэлгээнд ашиглахаар төлөвлөсөн байна. Сонгон шалгаруулалтыг төрийн эрх бүхий байгууллага цахим системээр зохион байгуулах бөгөөд иргэдийн холбогдох мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээс авч, 100 хүртэлх оноогоор үнэлэн эрэмбэлэх юм. Харин төрийн цахим сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн орлого, төлбөрийн чадварыг арилжааны банкууд нягталж, сонгосон орон сууцны төлбөрийн нөхцөлийг хангаж байгаа эсэхийг баталгаажуулна. Өөрөөр хэлбэл, төрөөс иргэдийг шалгаруулах бол банк санхүүгийн шаардлагыг хангаж буй эсэхэд дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байна.
“СОЛОНГО I, II” ТӨСЛИЙН ЭХНИЙ ЭЭЛЖИЙН 2042 АЙЛЫН ОРОН СУУЦАНД ИРГЭДИЙГ ХАМРУУЛНА
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжиж буй “Солонго I, II” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцанд иргэдийг хамруулах бэлтгэл ажил үргэлжилж байна. Танилцуулсан төлөвлөгөөгөөр орон сууцны 10 хувийг зөвхөн түрээсийн, 30 хувийг түрээслээд өмчлөх, 10 хувийг хамтын өмчлөлийн, үлдсэн 50 хувийг гэр хорооллын газраа орон сууцаар солих хэлбэрээр хуваарилахаар тооцжээ. Түрээсийн орон сууцны төлбөрийн хувьд 45 ам метр талбайтай орон сууцыг сард ойролцоогоор 700 мянган төгрөгөөр түрээслэх жишиг тооцоог танилцуулсан байна. Харин түрээслээд өмчлөх хэлбэрээр хамрагдах иргэд тодорхой хугацаанд төлбөр төлж, улмаар орон сууцаа өмчлөх боломжтой байхаар төлөвлөжээ. Орон сууцны сонгон шалгаруулалтад анх удаа орон сууцтай болох, өөрийн болон гэр бүлийн гишүүний нэр дээр орон сууцгүй байх, гэр хорооллын газраа чөлөөлөх зэрэг нөхцөлийг чухалчлах бодлого баримталж байгааг албаныхан мэдээллээ.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ АРВАНХОЁРДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ
Албаныхны мэдээлснээр орон сууцанд хамрагдах иргэдийн хүсэлтийн давхардлыг арилгах, бүртгэл, эрэмбэлэлтийн цахим системийн бэлтгэлийг хангах ажил үргэлжилж байна.
Сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг 2026 оны арваннэгдүгээр сард дуусгаж, арванхоёрдугаар сард бүртгэл, сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний иргэдийг 2027 оны эхээр орон сууцанд нь оруулах зорилт тавьжээ. Иргэдийн бүртгэлийн хугацаа, сонгон шалгаруулалтын нарийвчилсан шалгуур, бүрдүүлэх баримт бичиг болон төлбөрийн эцсийн нөхцөлийг холбогдох төрийн байгууллагаас албан ёсоор зарлах юм.