Нийгэм

Н.Батсүмбэрэл: Иргэд хувийн бэлтгэлээ хангаж, хөл хорионы үеийн зөвлөмжийг дагахыг уриалж байна

Н.Батсүмбэрэл: Иргэд хувийн бэлтгэлээ хангаж, хөл хорионы үеийн зөвлөмжийг дагахыг уриалж байна

Энэ сарын 11-ний өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх буюу хөл хорио тогтоох гэж байна. Энэ хугацаанд нийслэлд өрх бүрийн нэг гишүүнээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулах юм. Энэхүү ажлыг дүүргийн хэмжээнд хэрхэн зохион байгуулах талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлээс тодрууллаа.

- Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх үед дүүргийн хэмжээнд энэ ажлыг хэрхэн зохион байгуулах гэж байна вэ?

- Хөл хорио тогтоох 12 хоногийн хугацаанд нийслэлийн 411.420 өрх бүрийн нэг гишүүнээс заавал шинжилгээнд хамруулах ажил зохион байгуулагдана. Энэ ажилд нийслэлийн хэмжээнд 15184 албан хаагч үүрэг гүйцэтгэхээр байна. Чингэлтэй дүүргийн хувьд 19 хороотой, 160 мянга шахам өрх бий. Эдгээр өрхийн нэг гишүүнээс шинжилгээ авах ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж байна. Чингэлтэй дүүргийн ЗДТГ болон харьяа хэлтэс, албадын бүх төрийн албан хаагч энэ үеэр ажиллана. Бид Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комисс, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хөл хорионы үеэр өрх бүрээс шинжилгээ авах ажлыг өндөр түвшинд зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ ажилд иргэдийг хамруулах, судалгаа мэдээлэл гаргах гээд олон ажил хийгдэж байна. Үүнд хорооны Засаг дарга, хэсгийн ахлагчдын үүрэг оролцоо өндөр. Хөл хорионы үеэр иргэдийг шинжилгээнд хамруулах ажилд 1200 гаруй албан хаагч ажиллана. Тэгэхээр анхан шатны нэгжээсээ эхлэн төрийн бүх байгууллага хамтран оролцох юм.

- Танай дүүргийн Эрүүл мэндийн төв PCR шинжилгээ авах боломжтой лабораторитой болсон. Үйл ажиллагаа жигдэрсэн үү? Орны хүрэлцээ нөхцөл боломж хэр байна вэ?  

- Дүүргийн эрүүл мэндийн төв 250 орны хүчин чадалтай. Коронавируст халдвар болон амьсгалын замын хүнд халдвартай хүмүүсийг тусгаарлан эмчлэх 25 орыг нэмэлтээр дэлгэсэн байгаа. Манай дүүргийн эрүүл мэндийн төв PCR шинжилгээ хийх молекул биологийн лабораторитой болсон. Иргэдээс шинжилгээ авах ажил хэвийн явагдаж байна. Лабораторид 16 эмч, ажилтны бүрэлдэхүүн 24 цагийн турш ажилладаг. Нийт 11754 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Одоогоор манай дүүргийн 56371 иргэн PCR шинжилгээнд хамрагдаад байна.

- Хөл хорионы энэ хугацаа сар шинийн баяртай давхцаж байна. Хэдийгээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих мэдээлэл өгч байгаа ч иргэд сар шинийн бэлтгэлээ базааж байгаа нь бас ажиглагдаж байна?

- Гамшгаас хамгаалах хуулийн дагуу бэлэн байдал нь өдөр тутмын бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдал гэсэн зэрэгтэй байдаг. Бид он гарснаас хойш бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, халдварыг хумих бодлого хэрэгжүүлснийг иргэд маань мэдэж байгаа. Энэ удаа ч бас халдварын голомтыг хумих, өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах томоохон зорилттой энэ ажлыг хийж байна. Сар шинийн баяр давхцаж байгаа учраас иргэд баярын бэлтгэлээ базааж, зах худалдааны төвийн ачаалал ихэссэн, замын хөдөлгөөн нэмэгдсэн нь энэ өдрүүдэд харагдаж байна.

Гэхдээ иргэд маань цар тахлын хор хохирлыг тооцож төр засгаас гаргаж байгаа энэ шийдвэрийг дагаж мөрдөнө гэж итгэж байна. Хэрвээ байдал энэ хэвээр үргэлжилбэл хор хохирлыг тооцоход бэрх болно. Өнөөдрийн байдлаар манай улсад 2000 гаруй хүн энэ өвчний халдварыг аваад байна. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй бол баярын өдрүүдэд энэ тоо хэд дахин нэмэгдэхийг үгүйсгэх аргагүй шүү дээ. Тэгэхээр иргэн бүр хариуцлагатай байж, өрх бүрийн гишүүнээс авах шинжилгээг өгч, эрүүл мэндийн байгууллагын заавар зөвлөмжийг дагах хэрэгтэй.

- Халдварын голомтыг хумих нь маш чухал асуудал. Гол нь иргэдийн ухамсар маш чухал байх шиг?

- Тиймээ. Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс болон Дүүргийн онцгой комисс гээд шат шатандаа бүгд ажиллаж байна. Иргэдийг мэдээллээр хангах чиглэлээр Шуурхай штаб өнгөрсөн оны хоёрдугаар сараас ажиллаж байгаа. Эрүүл мэндийн байгууллагаас халдвар хамгааллын заавар зөвлөмжийг байнга өгч байна. Иргэд ч нэг үеэ бодвол тогтмол амны хаалтаа зүүж, зорчсон газрын QR кодыг уншуулах зэрэг хэвшмэл үйлдлүүдэд дасан зохицлоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч цаашид цар тахалтай зэрэгцэн орших учир дасан зохицох шаардлага бий гэдгийг сануулж байгаа. Тийм учраас бид цаашид амны хаалт зүүх, ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг мөрдлөгө болгох хэрэгтэй.

- Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд иргэд юу анхаарах хэрэгтэй вэ?

Энэ ажлыг зохион байгуулахад иргэдийн оролцоо маш чухал. Нийслэлийн хэмжээнд явуулын болон түр цэгүүдээр шинжилгээ авахаар төлөвлөгдсөн байгаа. Өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулах учраас шинжилгээний цэгт ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэх, шинжилгээндээ хамрагдах нь маш чухал. Мөн бэлэн байдлын зэрэг гэдэг утгаараа хүнс, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадуур зорчихгүй байх хэрэгтэй. Хөл хорионы өдрүүдэд хүнсний хангамж, ус түгээгүүр, эмийн сан, эмнэлгийн байгууллага иргэдэд үйлчилнэ. Гэхдээ иргэд аль болох гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа. Тиймээс хөл хорио тогтоохоос өмнө хувийн бэлтгэлээ сайтар базаах нь зүйтэй. Зайлшгүй тохиолдолд гэрээсээ гарах зааварчилгаа өгч байгаа учраас хөл хорионы 12 хоногийн хугацаанд аль болох гэртээ байхыг уриалж байна. Хороодын дарга, алба хаагчид маань нэгж дээрээ ажиллах учир иргэдийг хэрэгцээтэй мэдээллээр хангана.

- Дүүргийн онцгой комиссын даргын хувьд иргэддээ хандаж үг хэлнэ үү?

- Сар шинийн баярын өдрүүд давхцаж байгаа учраас иргэд та бүхнийг ойр дотны хүмүүстэйгээ цахимаар золгон, гэр гэртээ шинэлэн халдварын голомтыг хумихад өөрийн хувь нэмрээ оруулаарай гэж уриалж байна. Цар тахлын голомтыг хумихад та бүхний үүрэг оролцоо юунаас ч илүү чухал. Ингэж чадвал нийгмийн амьдрал хэвийн горимдоо орж, эдийн засаг сэргэх сайхан цаг удахгүй ирнэ. Төр засгийн зүгээс хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжин бидэнтэй хамтран ажиллаж байгаад баярлалаа.

- Ярилцсанд баярлалаа.