“Дакар-2026” Залуучуудын зуны IV Олимпын наадам нь 2026 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Сенегал Улсын Дакар, Диамниадио, Сали хотуудад болно. Энэхүү наадам нь Олимпын хөдөлгөөний түүхэнд Африк тивд зохион байгуулагдах анхны арга хэмжээ болж буйгаар онцлог юм. Залуучуудын олимпын наадамд дэлхийн 204 орны 15–17 насны 2,700 орчим тамирчин спортын 25 төрөлд 153 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн бокс, дугуй, жүдо, элсний бөх, сагсан
бөмбөгийн 3х3, усанд сэлэлт гэсэн зургаан спортын төрөлд нийт 10 тамирчин
өрсөлдөх юм. Энэ өдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг баг
тамирчдыг хүлээн авч, 361 брэндийн иж бүрэн хувцас гардуулан өгч, амжилт
хүслээ.
Уг үйл ажиллагаанд албаны төлөөллөөс “Дакар-2026” наадамд
өрсөлдөх Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, ССАЖЗЯ-ны Биеийн
тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан,
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МУГД Г.Ерөөлбат болон холбоодын төлөөлөл
оролцлоо. Дашрамд сонирхуулахад, “Дакар-2026” Залуучуудын олимпын
наадам нь эрэгтэй, эмэгтэй тамирчдын оролцооны бүрэн тэнцвэрийг хангах зорилт
тавьснаараа онцлог бөгөөд Африк тивийн 54 ҮОХ-ны баг тамирчдын оролцоог
хангажээ. Мөн Олон улсын олимпын хороо (ОУОХ) энэхүү наадмыг зөвхөн спортын
тэмцээн бус, тогтвортой хөгжил, боловсрол, соёл, залуучуудын оролцоог дэмжих
дэлхийн хэмжээний платформ болгон хөгжүүлж байна. Дакар-2026” нь Африкийн залуучуудын өдөртэй уялдан зохион байгуулагдах бөгөөд олимпизмын үнэт
зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэнэ.
Энэхүү наадмыг албан ёсны онцгой эрхтэй фото зурагчин Д.Нямбилэг, сэтгүүлч Б.Мөнгөнтамир нар сурвалжилна.