Японы Айчи мужийн Нагояа хотод Азийн пара V наадам болж, Монголын баг 10 медаль хүртсэн амжилттайгаар наадмыг өндөрлүүллээ. Тав дахь удаагийн наадамд манай улсаас спортын 10 төрөлд 44 тамирчин илгээхдээ дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр 14 дүгээр байрт шалгарлаа. Энэ нь өмнө нь үзүүлж байгаагүй түүхэн амжилт юм. Пара жүдо, таеквондо, пауэрлифтингийн төрөлд Монголоос аваргууд тодорлоо.
Энэ удаагийн Азийн пара наадмын хувьд бүх тамирчныг нэг дор нэгдсэн тосгонд байрлуулсангүй. Тамирчдыг спортын төрөл бүрээр нь салгаж тус тусдаа зочид буудалд байрлуулснаараа онцлогтой.

Энэ хүрээнд Монголын багийнхан тамирчдын тосгоноос гадна есөн өөр зочид буудалд, нийт 10 байршилд байрлаж тэмцээн уралдаандаа оролцсон байна.
Азийн пара наадамд оролцсон 45 орноос 33 нь ямар нэгэн байдлаар медаль хүртсэн бөгөөд үүнээс 22 нь алтан медаль хүртжээ.