18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын Хангарди шагнал гардуулах ёслол 2026 оны аравдугаар сарын 22-нд болж, Монгол киноны уралдаант хэсгийн шилдгүүдийг тодрууллаа. “Улаанбаатар” олон улсын кино наадам нь дэлхийн кино урлагийн шилдэг бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх, үндэсний кино уран бүтээлчид болон кино салбарын хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотыг урлаг, соёлын бүтээлч орон зай болгон олон улсад таниулах зорилготой юм. Мөн нийгэм, эдийн засаг, урлаг, соёл, боловсролын салбарт кино урлагийн үр нөлөөг түгээн дэлгэрүүлэхэд чиглэдэг. Энэ жилийн Монгол киноны уралдаант хэсэгт нийт 16 бүтээл ирүүлснээс “Цагаан хадны өнгө”, “Ханын зураач”, “Нийгмийн дайсан”, “Задлаагүй захиа”, “Явуулын хүн Говьд” зэрэг бүтээлийг “Монгол кино хөтөлбөр”-т шалгаруулан үзэгчдэд толилуулсан юм. Наадмын хүрээнд бүтээлүүдийг зургаан төрлөөр үнэлж, шилдэг кино болон уран бүтээлчдийг тодрууллаа. “Шилдэг кино” төрөлд “Цагаан хадны өнгө”, “Ханын зураач”, “Зуд”, “Задлаагүй захиа”, “Явуулын хүн Говьд”, “Нийгмийн дайсан” зэрэг бүтээл нэр дэвшсэн байна.
ХАНГАРДИ ШАГНАЛЫН ЭЗЭД
Шилдэг кино: Цагаан хадны өнгө
Шилдэг найруулагч: “Ханын зураач” киноны найруулагч Жанчивдоржийн Сэнгэдорж
Шилдэг зохиол: “Нийгмийн дайсан” киноны зохиолч Баянжаргалын Гарамханд
Шилдэг зураглаач: “Цагаан хадны өнгө” киноны зураглаач Чойжоованчигийн Хоролдорж
Шилдэг зураач: “Ханын зураач” киноны зураач Баяраагийн Тэгшсүрэн
Шилдэг хөгжмийн зохиолч: “Цагаан хадны өнгө” киноны хөгжмийн зохиолч Гаэл Ракотондрабе
“Улаанбаатар” олон улсын кино наадам нь Монголын кино уран бүтээлчдийн авьяас, ур чадварыг олон нийтэд таниулах, үндэсний кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ дэлхийн кино урлагийн чиг хандлага, шинэ бүтээлүүдтэй монгол үзэгчдийг танилцуулах чухал арга хэмжээ юм. Хангарди шагнал нь Монголын кино урлагийн уран бүтээлчдийн хөдөлмөр, бүтээлч сэтгэлгээг үнэлж, үндэсний кино үйлдвэрлэлийн чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг байна.