Нийгэм

ӨМНӨГОВЬ АЙМАГ АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭ, ЗОГСООЛЫН ХҮРТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭВ

ӨМНӨГОВЬ АЙМАГ АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭ, ЗОГСООЛЫН ХҮРТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭВ
Өмнөговь аймагт авто замын сүлжээг өргөжүүлэх, сумдыг хатуу хучилттай замаар холбох, зам дагуух дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. Энэ хүрээнд Манлай сумын төвийг Ханги-Мандал чиглэлийн хатуу хучилттай авто замтай холбох ажлын эхний хэсэг болон Ханхонгор сумын нутаг дахь автомашины зогсоолыг ашиглалтад оруулжээ. Манлай сумын төвийг Ханги-Мандал чиглэлийн хатуу хучилттай авто замтай холбох нийт 16 км замын эхний 6 км-ийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж энэ сарын 23-нд нээжээ. Тус бүтээн байгуулалтыг “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд үлдсэн хэсгийн ажлыг үе шаттай үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Шинэ зам ашиглалтад орсноор иргэдийн зорчих нөхцөл сайжирч, орон нутгийн тээвэр, худалдаа, эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих ач холбогдолтой юм.
Түүнчлэн Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн авто замын 45 дахь км-т, Ханхонгор сумын Шар тээг хэмээх газарт орон нутгийн төсвийн хөрөнгөөр 200 авто машины зогсоол байгуулж, ашиглалтад оруулжээ. Тус зогсоол нь 50 том оврын болон 150 суудлын авто машиныг нэгэн зэрэг байрлуулах хүчин чадалтай. Ингэснээр Даланзадгад, Цогтцэций сумаас Улаанбаатар хотыг зорих жолооч, зорчигчид замдаа түр саатан амрах, шаардлагатай үйлчилгээг авах боломж нэмэгдэж байна. Зогсоолын бүтээн байгуулалтыг “Хас мета зам” ХХК гэрээний хугацаанд гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн байна.Цаашид Шар тээгийн байршилд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зам дагуух үйлчилгээг хөгжүүлж, жолооч, зорчигчдод үзүүлэх үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.



Өмнөговь аймаг авто замын сүлжээг өргөжүүлэх, сумдыг хатуу хучилттай замаар холбох, зам дагуух үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх замаар орон нутгийн тээвэр, логистикийн нөхцөлийг сайжруулж, иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.