Монголын үндэсний бөхийн холбооноос “Алтан цом”-ын барилдааныг дөрөв дэх удаагаа зохион байгуулахаар албан ёсоор товоо зарлалаа. 2026-2027 оны улиралд долоон баг өрсөлдөхөөр болжээ. Ирэх сарын 7-нд нээлтээ хийх “Алтан цом”-ын төлөөх өрсөлдөөнд дархан аварга Н.Батсууриар ахлуулсан “Увс нуур” дэвжээ, “Миг даатгал”-ын ивээн тэтгэсэн улсын гарди М.Лхагвагэрэл ахлагчтай “Эв Монгол” бүрэлдэхүүнээ шинэчилж дахин оролцохоор бүртгүүлсэн байна. Түүнчлэн даян аварга Б.Орхонбаяраар ахлуулж, харцага Т.Өсөх-Ирээдүйгээр удирдуулсан “АПУ-Скайтел”, “Эм Си Эс” компанийн ивээн тэтгэсэн улсын арслан Э.Батмагнай ахлагчтай “Эм-Си-Эс Энержи” өрсөлдөхөөр болов.
Тэгвэл “Ажнай” корпорац анх удаа баг бүрдүүлэн улсын аварга П.Бүрэнтөгсөөр ахлуулсан багаа оролцуулахаар мэдүүлэг өгчээ. Мөн “Таван Богд” групп улсын аварга О.Хангайгаар ахлуулсан “Ховд” дэвжээг ивээн тэтгэж өрсөлдүүлэх аж. Түүнчлэн улсын заан С.Сүхбатаар ахлуулсан өнгөрсөн жилийн аварга “Хатант интернэйшнл” баг цомоо хамгаалахаар барилдана. “Алтан цом”-д оролцох багууд найман бөхөө шууд сонгож оролцож байгаа юм. Нээлтийн өдөр:
“Увс нуур” дэвжээ-“Эв Монгол” багтай,
“АПУ Скайтел” баг-“Эм-Си-Эс Энержи” багтай,
“Ажнай” баг-“Ховд дэвжээ” багтай барилдахаар сугалаа татжээ.