Нийгэм

“КОВИД-19” халдварын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна

“КОВИД-19” халдварын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна

Эрүүл мэндийн улсын алба-тохиолдол удирдлагын тогтолцооны ээлжит 26 дугаар хурал боллоо. Тус хурлаар ЭМУА-ТУТ-ны 2021 оны нэгдсэн төлөвлөгөөний төсөл, коронавируст “Ковид-19” халдвартай холбоотойгоор хэрэглэж буй цахим мэдээллийн системийн танилцуулга, өвчлөлийн хэтийн төлөвийн тооцоолол, коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлын талаар танилцуулга хийгдэж, авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Эрүүл мэндийн дэд сайд, Тохиолдлын удирдлагын тогтолцооны дэд дарга Ш.Анхмаа хурлыг удирдаж, коронавируст “Ковид-19” халдварын тархалтын үе шат, хариу арга хэмжээний төлөвлөгөөг илүү нарийвчлан боловсруулах, халдвар авсан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, иргэд болон тусгаарлалтанд байгаа иргэдэд зориулсан сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.

Түүнчлэн www.burtgel.mohs.mn, www.covid19.gerege.mn цахим программыг нэгтгэж коронавируст халдварын нэгдсэн удирдлагын систем болгон илүү боловсронгуй болгох, “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулахад шаардлагатай хамгаалах хувцас хэрэгслийг бэлтгэх, вакцины зааврыг эмнэлзүйн зөвлөх баг, харшил судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс санал авч боловсруулах, вакцинатор сувилагчдыг холбогдох сургалтанд хамруулах зэрэг бэлэн байдлыг хангаж ажиллах болон цаг үетэй холбогдуулан шуурхай авч хэрэгжүүлэх бусад үүрэг даалгаврыг өглөө гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.