Нийгэм

Ө.СУМЪЯАБААТАР: ТАТВАРЫН БААЗ СУУРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА

Ө.СУМЪЯАБААТАР: ТАТВАРЫН БААЗ СУУРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА

Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа.

Өнгөрсөн Шуурхай зөвлөгөөнөөс нийт 20 үүрэг даалгавар өгсөн. Үүнээс 12 үүрэг даалгавар 100 хувь, гурван үүрэг даалгавар 90 хувь, гурван үүрэг даалгавар 70 хувь, хоёр үүрэг даалгавар 50 хувь буюу нийт хэрэгжилт 91 хувьтай байна гэсэн мэдээллийг Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Г.Сурахбаяр өглөө.  
Мөн өнөөдрийн шуурхай хуралдаанаар дүүргийн ЗДТГ-ын хэлтсүүд болон дэргэдэх байгууллагуудын удирдлагууд хийж хэрэгжүүлж буй ажлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.

Шилэн дансны хуулийн хэрэгжилт 97,2 хувьтай байна

Дүүргийн Засаг даргын дэргэдэх дотоод Аудитын албаны дарга Н.Наранчимэг Дотоод аудит, хяналт шалгалтын сүүлийн 3 жилийн талаарх болон дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний  нийт 165 байгууллагад шилэн дансны мэдээлэл байршуулахад хяналт тавьсан талаарх мэдээллийг танилцууллаа.

Энэ үеэр дүүргийн хэмжээнд 2021 онд Шилэн дансны хуулийн хэрэгжилт 71.20 хувь, 2022 онд 91.69 хувь, 2023 онд 94.57 хувьтай байсан бол энэ оны гуравдугаар улирлын байдлаар хуулийн хэрэгжилт 97.2 хувьтай байна гээд төсвийн захирагч нар Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхэд юуг анхаарч ажиллах талаар мэдээлэл, зөвлөмж өглөө.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 89 төсөл арга хэмжээ 100 хувь хэрэгжсэн

Дүүргийн хэмжээнд 2024 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 138 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Үүнээс хоёр нь УТХО, 17 нь Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, 119 төсөл, арга хэмжээ нь дүүргийн болон Дүүргийн ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар дүүрэгт хэрэгжих 119 төсөл арга хэмжээнээс 108 төсөл арга хэмжээтэй гэрээ байгуулж улмаар 89 нь 100 хувь хэрэгжсэн. Үлдсэн 19 төсөл арга хэмжээний хүрээнд холбогдох ажлууд хийгдэж байна гэсэн мэдээллийг Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга Г.Энхцэнгэл өглөө.

 

Түүнчлэн дүүрэгт 2024 онд хэрэгжсэн 119 төсөл арга хэмжээний

  • 8 нь авто зам, явган замын засвар шинэчлэлт,
  • 8 нь барилга байгууламжийн ажил,
  • 9 нь фасад засвар,
  • 4 нь камержуулалт,
  • 41 нь тоглоомын талбай, тохижилт,
  • 4 нь цахилгаан шатны засвар шинэчлэлт,
  • 11 нь дээвэр засвар,
  • 25 нь бусад төрлийн төсөл арга хэмжээ байна.

Үзлэг шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгахад анхаарч ажиллана

Дүүргийн менежер Ж.Баатар Улаанбаатар хотын ерөнхий менежерийн гаргасан тушаалын хүрээнд нийслэлийн 9 дүүргийн Газар зохион байгуулалтын алба хамтран дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд хийсэн шалгалтын үеэр илэрсэн зөрчлийн талаарх мэдээллийг танилцууллаа. Энэхүү хамтарсан үзлэг шалгалтаар нийт 934 зөрчил илэрсэн бөгөөд дүүргийн менежер хороодын Засаг дарга нарт зөрчлийн мэдээллийг явуулсан. Энэ тушаалын хэрэгжилтийг 2025 оны эхний хагас жилд дүгнэх учраас дээрх зөрчлийг арилгуулахад дүүргийн Газар зохион байгуулалтын алба, дүүргийн менежер болон холбогдох хэлтсүүд, 1-34 хорооны Засаг даргын ажлын алба хамтран анхаарч ажиллах болно гэсэн мэдээллийг өглөө.

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг танилцууллаа. Мөн дүүргийн хэмжээнд татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах, энэ ажлын хүрээнд татвар төлдөг иргэн, аж ахуй нэгжүүдээ дэмжиж, ашиг орлогыг нэмэгдүүлэхэд дүүргийн зүгээс анхаарч, дэмжиж ажиллах шаардлагатай гэсэн юм. Мөн дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
 

  • 2025 оны нэгдүгээр сарын 1-нд дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлыг зарлах учраас холбогдох хэлтсүүд дүүрэгт хийгдэх ажлын даалгавруудыг боловсруулах,
  • Он дуустал төсвийн орлого бүрдүүлэхэд анхаарч ажиллах,
  • Төсвийн захирагч нар төсвийн сахилга баттай байх. Төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн жилд өр, авлага үүсгэлгүй, төсвийг зориулалтын зүйлд зарцуулж, сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах,
  • Дүүрэг, хороод мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах,
  • Нийтийн аж ахуйн парк шинэчлэлийн ажлын хүрээнд машин техникийн судалгаа авах, Хот нийтийн аж ахуйн нэн шаардлагатай байгаа машин, тусгай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж, танилцуулах.
  • Замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчиж торгуулиа төлөөгүй,  тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд ороогүй, татвар, даатгалд хамрагдаагүй болон хөдөө, орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг төлбөр төлүүлэх, олон нийтэд мэдээлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах.
  • Хоол үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллах,
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах.
  • Нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журмыг сахиулах, бэлэн байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.