Нийгэм

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан цагдаагийн байгууллагын төлөөлөл болон бусад албаныхантай уулзжээ.  Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хүүхдийг аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх ажлыг хүүхдийн байгууллагууд бусад төрийн болон ТББ-ууд хамтарч хийх хэрэгтэйг онцлов. Тэрбээр хүүхдийн төлөөх байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулж сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулж, эхний ээлжид зусланд амарч байгаа хүүхдүүдэд, цаашид СӨБ, Ерөнхий боловсролын сургуулиудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлт, цахим гэмт хэрэг, хар тамхины эсрэг хичээл ордог болох талаар санал солилцож, холбогдох газруудад үүрэг чиглэл өгсөн байна. Дэлхийн улс орнуудын гэмт хэрэг зөрчлийн статистик мэдээллээс харахад 100,000 хүн тутамд 4-6 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байгаа бол манай улсад 1008000 хүн тутамд 14-18 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирдог буюу дэлхийн дунджаас 2-3 дахин өндөр үзүүлэлттэй байна. Сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд хохирсон 10,995 гэмт хэрэг бүртгэгдэж, жилд дунджаар гэмт хэргийн улмаас 2,200 хүүхэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна гэсэн судалгаа гарчээ. Ялангуяа үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчинд нэгнийхээ нэр хүндэд нь халдах, хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил жил ирэх тусам нэмэгдэж байгааг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан онцоллоо. Мөн тэрбээр Монгол Улсын хэмжээнд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдогчдын 91.2 хувийг 15-35 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж, хэрэглэгчдийн насны байдал жил ирэх тусам залуужиж байгааг анхааруулав. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан боловсролын болон хүүхдийн байгууллагууд, цагдаагийн байгууллага хамтарч
  • хүүхдэд, хар тамхи, мансууруулах бодисын хор хохирол, аюулын талаарх мэдлэг мэдээллийг өгөх,
  • цахим гэмт хэрэг, цахим орчин дах ялгаварлан гадуурхалт, эрсдэл зэрэг хүчин зүйлийн талаарх мэдлэг мэдээлэл олгох багц сургалтын гарын авлаг модулыг энэ долоо хоногт багтаан боловсруулах
  • Модулыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хүүхдийн зуслангуудад хүргүүлж, хөгжлийн хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгаж ажиллах үүрэг чиглэл өгчээ. 
Энэ жил улсын хэмжээнд 70 гаруй хүүхдийн зусланд 200 мянга гаруй хүүхэд хүлээн авах урьдчилсан тооцоолол гарсан байна. Тиймээс зуны улиралд хүүхдүүдийг зусланд зөвхөн амраах бус тэдэнд тохирсон арга аргачлалаар хууль, эрх зүйн мэдлэг олгох, иргэний журамт үүргээ биелүүлдэг байх тухай, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цогц мэдлэг олгох нь маш чухал гэдгийг ХЗДХ-ийн сайд онцоллоо. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын албан тушаалтнуудад Хүүхдийн зуслангийн орчинд архи согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчилдэг газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж цагдаагийн эргүүл тогтмол ажиллуулж аюулгүй байдлыг хангах, мөн ЕБС, Их дээд сургуулийн төгсөлтийн баяр болж буйтай холбоотойгоор амралт зугаалгын газруудад хөдөлгөөнт эргүүл тогтмол ажиллуулж, болзошгүй аюул, гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгосныг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамнаас мэдээллээ.