Нийгэм

"Санал авах бүх байр камертай болсон"

"Санал авах бүх байр камертай болсон"

“МИДАС” Төрийн бус  байгууллагын /ТББ/ тэргүүн  С.ЭНХЖАРГАЛ:

-Энэ удаагийн сонгуулийн онцлог нь бүх хэсэгт хяналтын тооллого хийхээр болсон. Маргааш улс орон даяар урьдчилсан тест хийнэ. Мөн Сонгуулийн Ерөнхий хороон дээр маргааш 2020 оны УИХ-ын сонгуулиар эргэлзээ төрүүлээд байсан сонгуулийн программын  тестийг  маргааш хийнэ. Тавдугаар сарын 30-31-нд гадаадад байгаа иргэдийн саналыг авч дуусахдаа нийт иргэдийн 76 хувь нь саналаа өглөө гэж холбогдох байгууллагаас мэдэгдсэн. Үүнийг би хувьдаа  тоон дээр тоглолт хийсэн гэж харж байгаа. Учир нь гадаадад монголын  122 мянган сонгогч бий. Үүнээс 7394 хүн бүртгүүлсэн хүмүүсийн 76 хувь буюу 5608 хүн санал өгсөн. Сонгогчийнхоо ирцээр аваад үзвэл 4.6 хувь нь л оролцсон гэсэн үг. Энэ нь үнэндээ  чамлалттай л байна. Өнгөрөгч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 4767 хүн санал өгсөн байсан.

Өмнө нь нам эвслүүдэд 40 хоногийн өмнө сонгогчдийн нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр өгдөг байсан. Харамсалтай нь энэ удаа сонгууль дуусахаас өмнөх хоёр хоногт  буюу зургадугаар сарын 6-7-нд сонгогчийн нэрийн жагсаалтыг өгөхөөр болсон. Улмаар дээрх иргэдийн гэрийн хаягийг тулгах нь амжих эсэх, мөн шилжилт хөдөлгөөн хийгдсний дараа энэ нь үр дүнтэй байх уу гэдэг нь эргэлзээтэй.  Энэ жил санал авах бүх байр камертай болсон. Санал өгч байгаа хүний мэдээллийг харагдахгүй байхуйц газарт камераа байрлуулсан байх ёстой. Үүнийг анхаарах нь чухал. Өнгөрсөн жил нэг хүн хоёр удаа санал өгөх оролдлого хийж байсан. Иймэрхүү тохиолдол нь регистрийн дугаараар бүртгүүлэхээр зураг нь гарч ирдэггүй учраас түгээмэл гардаг. Харин энэ удаа дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд  регистрийн дугаараар санал өгөх гэж байгаа бол заавал тухайн иргэний зургийг нь авч баримтжуулдаг болсон. Өнгөрсөн жил хийгээгүй хурууны бэхэн тэмдэглэгээг энэ удаа хийнэ. Манай байгууллагын хувьд нэг хаяг дээр олон хүн бүртгэлтэй байх магадлалтай гэсэн хаягуудыг түүж биечлэн очиж шалгаж байгаа. Ингэхэд хаяг дээр нь өөр хүн бүртгэлтэй тохиолдлууд гарч байна. Энэ нь шилжилт хөдөлгөөнөө хийлгэдэггүйтэй холбоотой. Зарим нь  “Манай хаяг дээр ийм хүн бүртгэлтэй байдаг юм уу” гээд гайхдаг. Өөрсдөө ч мэдээгүй байх жишээний. Ганц хүн амьдардаг мөртлөө 10 хүн бүртгэлтэй тохиолдол бий. Очоод уулзахаар “3-4 хүн нь манай гадаадад байгаа хамаатнууд бусад хүмүүсийг огт танихгүй” гэдэг. Иймэрхүү тохиолдлууд гарсаар байна.

АРИЛЖААНЫ ТЕЛЕВИЗИЙН ХУВЬД ЦАГ ХУВААРИЛАЛТ ХАРЬЦАНГУЙ ТЭНЦВЭРТЭЙ БАЙСАН

"Глоб интернэшнл" ТББ:

-Тавдугаар сарын 28-ны өдрөөс зургадугаар сарын 1-нийг хүртэл таван телевизийг сонгон авч сонгуулийн сурталчилгаанд анализ хийхэд эерэг өнгө аястай мэдээлэл буюу магтаж сайшаасан хэлбэртай мэдээлэл давамгайлж байна. Таван өдрийн эфирийн зургаан хувийг сонгуультай холбоотой мэдээлэл эзэлсэн. Өмнөх судалгаагаар  МҮОНРТ-ийн гурван нэр дэвшигчид дээр МАН 37 хувь, АН 32, "Зөв хүн электорат эвсэл" 31 хувийг эзэлж байсан бол энэхүү баланс нь одоо харьцангуй алдагдаж МАН-аас нэр дэвшигчид  47 хувийн цаг, АН-аас нэр дэвшигчид  28 хувийн цаг,  "Зөв хүн электорат эвсэл"-ээс нэр дэвшигчид 25 хувийн цагийг тус, тус  оногдуулсан үзүүлэлт гарсан. "Монгол HD",  ТV-9, MN-25, NTV  зэрэг телевизүүдээр МАН-аас  нэр дэвшигч 53 хувь, АН 45, "Зөв хүн электорат эвсэл"-ээс нэр дэвшигч хоёр хувь гарсан. Арилжааны телевизийн хувьд цаг хуваарилалт харьцангуй тэнцвэртэй байсан.  Хамгийн их сөрөг өнгө аястай мэдээллийг ТV-9 гаргаж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ОРОЛЦОЖ БАЙГАА ЗАРДЛАА ТАЙЛБАРЛАХ ШААРДЛАГАТАЙ

“Бодлогод залуусын хяналт” ТББ-ын УЗ-ийн гишүүн Т.АМАРЗАЯА:

Иргэний нийгмийн ажиглалтын хувьд гадаадад санал авах үйл явцыг ажигласан. Ажиглалт хийх явцад ноцтой зөрчил гараагүй. Гадаад улсад байгаа иргэд, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх мэдээллийг Элчин сайдын яамдын сайтад байршуулсан ч ойлгомжгүй байжээ. Япон улсын сонгуулийн салбар комисст дөрөвдүгээр сарын 29-нд мэдээллээ явуулсан 4-5 иргэн саналаа өгч чадаагүй. Санал хураалт явуулж байгаа Элчин сайдын хашааны гадаа сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн сайн дурын төлөөлөл, хэнд саналаа өгч байгааг асууж, зориулалтын бус үзгээр санал бөглөхийг оролдсон зөрчил гарсан. “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын зүгээс СЕХ-ны санал авах өдрийн ажиглалтын мэдээллийг хүргүүлэх болно. Нийт 104 ажиглагч ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн зарим хэсгийн хороодын зүгээс ажиглагчийг PCR шинжилгээ өгч байж ажиглалт хийх боломжтой гэсэн асуудал үүсгэсэн. Үүнийг СЕХ-нд хандаж шийдвэрлүүлсэн. УИХ-ын гишүүд болон Засгийн газрын сайд нар сонгуулийн сурталчилгаанд оролцож байгаа зардлаа тайлбарлах шаардлагатай. Төрийн өмч хөрөнгийг сонгуулийн сурталчилгаанд аливаа байдлаар ашиглахгүй гэж хуульд заасан байдаг. Гэхдээ улс төрийн албан хаагчид тойрогтоо ажиллахдаа сонгуулийн сурталчилгаанд оролцож байгаа нь ажиглагдаж байна. Тухайн албан хаагчид сонгуулийн сурталчилгаанд оролцох нь хориотой биш ч ямар зардлаар гэдгээ тодорхой болгох хэрэгтэй" гэлээ.