
Баянгол дүүргийн Хавдрын төв нь хавдрын хими эмчилгээний төрөлд HIPEC (Hyperthermic Intraperitoneal Chemotherapy) эмчилгээг нэвтрүүллээ. Хавдрын төвийн нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлогын газрын дарга Р.Гантуяа, НЭМГ-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Батцоож, Нийслэлийн ТХТ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран, дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, НЭМГ-ын харьяа байгууллагуудын дарга, болон харьяа ӨЭМТ-ийн удирдлагууд оролцов.
ЭМЯ-аас хэрэгжүүлж буй “Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд дүүргийн эмнэлгүүдэд хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. БГД-ийн ЭМТ-д “Хавдрын төв” шинээр байгуулагдаж, хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, иргэдэд хавдрын мэс засал, системийн эмчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, сэтгэл засал, хоол эмчилгээ, зөвлөгөө, хөдөлгөөн засал, сэргээн засах эмчилгээг цогцоор нь нэг урсгалаар үзүүлэх боломжтой болж байна.
Тус ЭМТ нь 2008 оноос хавдрын амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн ба 2018 оноос 10 ортой хими, хөнгөвчлөх эмчилгээний тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан юм.



