Нийгэм

МОНГОЛ БӨХӨНГИЙН ЦӨМ СҮРЭГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ БАЙДАГ

МОНГОЛ БӨХӨНГИЙН ЦӨМ СҮРЭГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ БАЙДАГ
Өнөөдөр "Монгол бөхөнгийн өдөр". Монгол Улсын “Улаан ном”-д бүртгэгдэн, Амьтны тухай хуулийн нэн ховор амьтдын ангилалд орсон монгол бөхөнгийн цөм сүрэг, тархацын  70-80 хувь нь Говь-Алтай аймагт байдаг. 
 
Дэлхий дээр соргог бөхөн, монгол бөхөн гэж хоёр төрөл байдгаас монгол бөхөн нь зөвхөн манай орны Говь-Алтай, Ховд, Увс аймагт байдаг ч цөм сүрэг нь Говь-Алтай аймгийн Шарга, Дарви, Хөхморьт, Баян-Уул, Тонхил, Төгрөг, Халиун сум мөн Бигэрийн хоолойгоор тархан нутагладаг ажээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Олонбаатарын хэлснээр, -“Мал, амьтны шүлхий өвчинтэй холбоотойгоор 2022 онд оны эхэн болон сүүлд хоёр удаа монгол бөхөн, хар сүүлтийн тооллогыг зохион байгуулсан. Тооллого судалгаагаар 13 мянга орчим монгол бөхөн, 4-5 мянга орчим хар сүүлт байна гэж үнэлэгдсэн. Монгол бөхөнгийн тархац нутгийн 70-80 хувь нь Говь-Алтай аймагт хамаарагддаг. Хамгийн хойд чиглэл нь Дөргөний хойд тал, Завхан аймгийн Хомын тал, Увс аймгийн Наранбулаг, Завхан сумд тархацтай ба хамгийн урд талын тархац нь Говь-Алтай аймгийн Халиун сумын Халиуны хоолой юм” гэв. 
 
Сонирхуулахад, Монгол бөхөнг дэлхийн байгаль, байгалийн нөөцийг хамгаалах олон улсын холбооноос 2002 онд Улаан номд бүртгэхдээ эмзэг гэсэн ангилалд тэмдэглэсэн бол Монгол Улсын хувьд, 1930-аад оноос эхлэн агнахыг хориглож, дархан цаазтай амьтны тоонд оруулж хуулиар хамгаалсан.
Монгол бөхөнг зөвшөөрөлгүйгээр агнасан тохиолдолд хуульд зааснаар, нэн ховор амьтныг агнах, тэр байтугай эд эрхтэнийг нь цуглуулах, тээвэрлэх, хадгалах, борлуулахыг завдсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Үүнээс гадна экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуультай.