Нийгэм

“АЛТАЙН УРЧУУД” ҮЗЭСГЭЛЭНД “ЖАНГАР” МУЗЕЙН САН ХӨМРӨГТ ХАДГАЛАГДАЖ БАЙГАА БҮТЭЭЛҮҮДИЙГ ДЭЛГЭЖЭЭ

“АЛТАЙН УРЧУУД” ҮЗЭСГЭЛЭНД “ЖАНГАР” МУЗЕЙН САН ХӨМРӨГТ ХАДГАЛАГДАЖ БАЙГАА БҮТЭЭЛҮҮДИЙГ ДЭЛГЭЖЭЭ
Говь-Алтай аймгийг уран зураан, бүтээлчдийн “Алтайн урчууд” үзэсгэлэнд 50 гаруй бүтээл дэлгэгдэж олны хүртээл болж байна.
Монголын урчуудын эвлэлийн Ерөнхийлөгч П.Ганбат тэргүүтэй 30 гаруй уран бүтээлчид тавдугаар сарын 20-нд Говь-Алтай аймагт хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан “Жангар” музейн сан хөмрөгт хадгалагдаж буй урлаг, уран сайхан, зураг урлалын төрлийн 46 зураг, таван баримал нийт 50 гаруй үзмэр, эд зүйлийг ил үзэсгэлэнд дэлгэжээ.


Хорьдугаар зууны үеийн дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураач Б.Шаравын “Монголын нэг өдөр”, “Үрс гарч байгаа нь”,  Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэдэндоржийн “Хоньчин Пунсал”, “Малчин”,  “Хаянхирваагийн үйл явдал”, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Мөнхийн “Жанчив баатар”,  зураач Ч.Жамбалбаатарын “Эргэх дөрвөн цаг”, зураач П.Цогзолын “Тунгалаг тамир киноны скиз зураг” гэх мэт тухайн үеийн нийгмийн аж байдлыг илтгэсэн бүтээлүүд эх хувиараа ил үзэсгэлэнд тавигдсан нь Говь-Алтай аймаг хэзээнээс дүрслэх урлаг, уран зураачдаараа алдартайг илтгэж байгаа юм. Алтай нутгийн уран бүтээлчид галэрей байгуулах хэмжээний уран зураг, уран бүтээл, уран бүтээлчтэй нутаг юм хэмээн Монголын урчуудын эвлэлийн Ерөнхийлөгч П.Ганбат үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцлон хэлж байлаа.
Монголын урчуудын эвлэлийн Говь-Алтай аймаг дахь салбар анх 1947 онд байгуулагдсан хэдий ч цаг хугацааны явцад үйл ажиллагаа нь зогссон ч одоогоос хоёр жилийн өмнө шинэчлэн байгуулагдаж өдгөө 13 уран бүтээлчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Тавдугаар сарын 20-нд нээлтээ хийсэн “Алтайн урчууд” үзэсгэлэн “Жангар” музейд зургаадугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэнэ.