
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Пүрэвжал, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Б.Батболд нар өнөөдөр дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн болон төрийн өмчийн бус 42 сургуульд сурдаг төгсөх 12 дугаар ангийн 3400 гаруй сурагчтай өнөөдөр (2025.03.21) хичээлийн 2-р цагийн завсарлагааны үеэр цахимаар уулзалт зохион байгууллаа.


Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нийт сурагчдадаа удахгүй болох Элсэлтийн шалгалтаа амжилттай өгөхийг хүсээд дөрөвдүгээр сарын 02-03-ны өдрүүдэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах “Баянгол сорилго-2025” болон элсэлтийн шалгалтаа амжилттай өгч 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарт дүүргийн Засаг дарга, ЗДТГ-аас урамшуулал олгох талаар товч мэдээлэл өглөө.

Энэ үеэр дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Пүрэвжал “Баянгол сорилго-2025” шалгалтад оролцохоор өнөөдрийн байдлаар 7000 орчим хүүхэд бүртгүүлсэн бөгөөд энэ сорилгыг зохион байгуулснаар төгсөх ангийн сурагчид шалгалтын жишиг материалтай танилцахаас гадна цаашид юуг анхаарах, хэрхэн шалгалтад бэлтгэж амжилт үзүүлэх талаар мэдлэг, мэдээлэлтэй болно” гэдгийг онцолсон юм.

Мөн цахим уулзлалтын үеэр дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Б.Батболд монгол цэргийн түүх, соёл ач холбогдлыг сурагчдад танилцах зорилготой "Эх оронч Монгол" аяллын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Гуравдугаар сараас эхлэн Цэргийн штабаас зохион байгуулж буй энэ аялалд өнөөдрийн байдлаар 18 сургуулийн 600 гаруй сурагч оролцсон ба ирэх сард 400 сурагчийг Зэвсэгт хүчин болон Хилийн цэргийн ангиудтай биечлэн танилцуулна” гэсэн юм.

Дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 21 сургуулийн 2992, төрийн бус өмчийн 21 сургуулийн 493 нийт 3485 суралцагч 12 дугаар ангид суралцаж байна.