Нийгэм

Н.УЧРАЛ: ХОЁР ТҮВШНИЙ УХААЛАГ ШИЛЖИЛТИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Н.УЧРАЛ: ХОЁР ТҮВШНИЙ УХААЛАГ ШИЛЖИЛТИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.06.08/ Их Жанжин Д.Сүхбаатарын талбайд болж буй "Эрчим хүчний цахим шилжилт, ухаалаг хэрэглээ" өдөрлөгт оролцож, үг хэллээ. Тэрбээр, "Засгийн газрын “Чөлөөлье” бодлого, дөрвөн чөлөөлөлтийн нэг “Ногоон хөгжлийн чөлөөлөлт”, “3×100” хөтөлбөр энэхүү реформын үндсэн зураглал чиг шугам нь юм.Ногоон зээлийн нөхцлийг хөнгөлж, хүнд суртлаас чөлөөлсний үр дүнд нарны эх үүсгүүр, хураагууртай болж, өөрсдийгөө хангаж, үйлдвэрлэсэн, хадгалсан эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж байгаа айл өрхүүд нэмэгдэж байна. Засгийн газрын “3×100” хөтөлбөр гэдэг нь 100 мянган нарны гэр, 100 МВт тархмал эх үүсвэр, 100 мянган цахилгаан автомашин цэнэглэх ногоон өртөө байгуулах Ногоон хөгжлийн чөлөөлөлтийн зам юм" хэмээн мэдэгдлээ. Тэрээр мөн "Монгол Улсын Засгийн газар эрчим хүчийг тэргүүлэх салбар гэж тодорхойлсон. Ухаалаг хэрэглээнд хөтлөхийн төлөө алхмууд хийж байгаа. Хоёр түвшний ухаалаг шилжилтийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо эхлүүллээ. Эхнийх нь хувь хэрэглэгчийн түвшинд хэрэгжих утасны аппликейшн. Хэрэглэж байгаа тохируулгыг нь хянаж чадаагүй бол ухаалаг аппликейшн хэрэглээнд нэвтрэхгүй байлаа. Өнгөрсөн хугацаанд 65 орчим хувийг хянах ажлыг хийжээ. Цаашдаа бүх айлыг хамруулна. Эрчим хүчний ухаалаг аппликейшныг иргэн бүр хэрэглэж хэвшье. Хэрэглээгээ хянадаг байсан бол цаашдаа удирдах боломж бүрдэж байна гэсэн үг. Хэзээ зурагт үзэх, унтраах, хэдийд хоолоо хийх вэ гэдгээ удирдана. Ухаалаг хэрэглээг нэвтрүүлснээр хянадаг, удирддаг, өрх бүр эрчим хүч үйлдвэрлэдэг болно" хэмээв.