Нийгэм

З.Амарсанаа: Ажлыг бага гэж чамлавал хэзээ ч амжилтад хүрэхгүй

З.Амарсанаа: Ажлыг бага гэж чамлавал хэзээ ч амжилтад хүрэхгүй

“Ц-Ойл” компанийн гүйцэтгэх захирал, “Говийн хүү” сангийн Удирдах зөвлөлийн гишүүн З.Амарсанаатай ярилцлаа.

-Өдрийн  мэнд хүргэе. Сайхан намаржиж байна уу?

Сайхан, танд болон танай хамт олонд уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намар их сайхан улирал. Ялангуяа говийн намар бол хачин сайхан байдаг. Нар жаргах, шингэх нь хүртэл хараад хараад ханашгүй. Ширээ бөхтэй тэмээн сүрэг тэнгэрийн хаяа эмжээд л... мөн ч сайхан даа.

- Араггүй их говийн хүү шиг говийн намрыг нүдэнд харагдтал зураглаж байх чинь. Аав ээж, нутаг усныхаа талаар яриач?

Баярлалаа. Миний аав Өмнөговь аймгийн Сэврэй, ээж  Өмнөговь аймгийн Булган сумынх. Бидний аав ээжүүд бүгд л социализмын үеийн их бүтээн байгуулалтад гар бие оролцож, чөлөө завгүй хөдөлмөрлөж байсан үе. Аав маань залуудаа тамирчин байсан, харин ээж минь багшийн ажилтай. Тэр их ажлын хажуугаар зургаан хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн.

Би айлын тав дахь нь. Аав маань бурхны оронд дэвшсэн ч ээж маань нутагтаа энх тунх амьдарч байна даа. Миний бага нас ч энэ л нутагт өнгөрсөн. Бидний жаахан байхад нийгэм солигдож нэг хэсэг монголчууд хүнд үеийг туулсан. Тухайн үед гэр бүлийнхээ амьдралд тус нэмэр болох гээд гадаад дотоодын жуулчдад тэмээ унуулж хөөрхөн хэдэн төгрөг олж гэр бүлийн санхүүдээ нэмэрлэдэг байсан маань санаанд орж байна. Ер нь тэгээд хүний амьдралын гэгээн сайхан мөчүүд хүүхэд насанд байдаг болов уу гэж би боддог. Энэ утгаараа төрж өссөн говь нутгийнхаа уул ус, ахан дүүс, хүн ард, хар багын найз нөхдийнхөө тухай хааяа эргэцүүлж суухад сайхан байдаг юм.

-Боловсрол мэргэжлийн тухайд хаана эзэмшсэн билээ?

Би дунд сургуулиа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1дүгээр арван жилийг 2000 онд төгсөж байлаа. Даалгавраа хийхгүй байна, үймүүлээд байна гэж ээжийнхээ чихийг халууцуулаагүй. Дунд сургуулиа төгсөөд МУБИС-ийн Байгалийн ухааны сургуулийг багш мэргэжлээр төгссөн. Дараа нь үргэлжлүүлэн энэ сургуульдаа магистрын зэрэг хамгаалсан. Мөн Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотын Олон улсын Вержинагийн их сургуульд сурах боломж гарч, улс төр нийгмийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

Тухайн өндөр хөгжилтэй орны соёлын үрийг эх орондоо хэрхэн тарих вэ, эх нутагтаа хэрхэн бий болгох вэ гэж бодож явсаар ирсэн.
Магадгүй хөдөө дунд сургуулиа төгсөөд Улаанбаатарт ирж байгаа хүүхэд залуучууд болгонд бодогддог зүйл нь энд байгаа хөгжил дэвшлийг нутагтаа аваачих юм сан гэсэн бодол төрдөг байх. Миний хувьд оюутан байхаасаа эхлээд л энэ тухай бодож, сүүлд АНУ-д сурч байхдаа ч гэсэн тухайн өндөр хөгжилтэй орны соёлын үрийг эх орондоо хэрхэн тарих вэ, эх нутагтаа хэрхэн бий болгох вэ гэж бодож явсаар ирсэн. Тухайн  улс орны хөгжлийн  үндэс бол  иргэнийх нь хөгжил, өөрөөр хэлбэл хувь хүний хөгжлөөс  хамгийн  их шалтгаална. 

Хувь  хүн хөгжихийн тулд өндөр боловсрол эзэмшихдээ биш бусдын үгийг тэвчээртэй, анхааралтай сонсож,  авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, боловсрол мэдлэгтэй хүн гэдэг бол олон сургууль төгссөндөө биш. Гэр бүлийн хүмүүжил сайтай бас чухал шаардлагатай зүйлээ мэддэг. Гол нь өрөөл бусдад төвөг болохгүй өөрийнхөө амьдралыг аваад явчих соёлтой байх явдал. Монгол хүний тухайд өвөг дээдсээс үлдээсэн соёл уламжлалаа хадгалах, мэндлэх хүндлэх ёсоо дээдлэхээс л эхэлнэ гэж боддог. 

-АНУ-д сурч ирээд ямар ажил хийв, өөрийнхөө бодол санааг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байв уу?

Миний сэтгэл зүрхэнд нутаг орноо хөгжүүлэх, хүүхэд залууст мэдлэг боловсрол олгох олон зорилго байсан.

-Энэ тухайгаа яривал?

-Би ер нь хүүхэд байхын л нийгмийн идэвхтэй байсан. Оюутан болоод сургуулийн Оюутны зөвлөлд орж ажиллаад оюутан найз нөхдийнхөө эрх ашгийн төлөө ажиллаж байсан. Мөн “Говийн хүү сан”-ийн Удирдах зөвлөлд ажиллаж, тус сангаараа дамжуулан олон оюутан залууст урам өгч ажиллаж байсан. Үүнээс гадна орон нутагтаа бас энэ тэндээс хөрөнгө оруулалт татаж, айл өрхийн нэн хэрэгцээтэй байгаа зүйлд туслах зорилгоор хэд хэдэн ажлыг зохион байгуулсан.  

Залуу үеэ бид аль болохоор багаас нь нийгмийн сайн сайхан зүйлд дагуулахыг хичээх хэрэгтэй. Ер нь миний нийгмийн идэвхийн хүрээнд санаачилж зохион байгуулсан ажлууд маань ихэвчлэн хүүхэд залуусын боловсрол мэдлэгт хөрөнгө оруулах чиглэлд байсан. Бидний олгосон боломжийг ашиглаад сайхан мэргэжил эзэмшээд ажил төрөлд орчихсон олон залуус бий. Тэдний ажил төрөлтэй, амьдралаа сайхан аваад явж байгааг харахад сайхан байдаг.

Гэгээлэг эерэг бүхнийг нийгэмд түгээх юм сан гэсэн  бодолтойгоор бүхий л зүйлд хандахыг хичээдэг. Залуу үеэ бид аль болохоор багаас нь нийгмийн сайн сайхан зүйлд дагуулахыг хичээх хэрэгтэй.  Ийм  хандлагатай  болчихвол хүн аяндаа зөв замаа сонгож, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах чадвартай болж боловсордог гэсэн олон улсын судалгаа ч байдаг.

-Өнөөгийн нийгэмд хөдөлмөрлөхөөс илүүтэй ам уралдуулан шүүмжлэх үзэгдэл их болсон. Хөдөлмөрч ард иргэдийг бий болгох, нийгэмд сайн сайхан зүйлсийг хүчтэй давлагаалдаг болохын тулд бид юу хийх шаардлагатай гэж та боддог вэ?  

-Амьдрал баян нийгэмд сайн сайхан зүйл олон байгаа. Гэхдээ муу муухай зүйл түймэр шиг хурдан тархдаг болсон нь үнэн. Ард иргэдийн дийлэнх олонх нь төр засгаа баруун солгойгүй муулж суудаг. Энэ нь нэг талаараа зөв байж болох. Гэхдээ хүүхэд багачууд ч гэсэн тийм л сэтгэхүйтэй болж байна. Та фэйсбүүкээр явж байсан бичлэг үзсэн үү.

-Ямар?

-Тав, зургаа орчим насны хүүхэд жүжигчин М. Баярмагнайтай ярилцдаг. Тэр хүүхэд “Монгол Улс хөгжихгүй байна. Энэ 76 олигтой байсан бол аль хэдийн хөгжихгүй юу” гэж ярьсан. Тэр хүүхэд томчууд бидний байнга ярьдаг зүйлийг л ярьж байна. “Харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа” гэдэг үг бий. Залуус ч гэсэн төр засгаас юм шаардахаас илүүтэй бид улс, орныхоо төлөө юу хийж чадах вэ? гэж бодох цаг нь болсон. Хийж чаддаг зүйлүүдээ сэргээх, чадахгүй байгаагаа чаддаг болохын төлөө зүтгэх хэрэгтэй. Энэ бол миний яриад байгаа хувь хүний хөгжил, сайн сайхан нийгэм бүтээх алхам.

Үүнээс гадна,  хэн  нэгнийг, эсвэл аливаа зүйлийг шүүмжилж харлуулж байж өөрөө  товойж гарч ирнэ гэсэн  нэг  сөрөг  хандлага сүүлийн үед ялангуяа манай залуучуудын дунд ажиглагдах болсон. Энэ бол хамгийн буруу  бөгөөд их хор уршиг дагуулдаг. Бид улс, орныхоо төлөө юу хийж чадах вэ? гэж бодох цаг нь болсон.

Ингэж буруу замаар хөлөө олох гэж оролдохын оронд  чин шударгаар,  хөдөлмөрлөх хэрэгтэй. Бизнес ч  мөн адил. Өрсөлдөгчөө харлуулахын оронд өөрөө  илүү сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  хүмүүсийн сэтгэлд нийцүүлж чадвал  тэр чинь цэвэр өрсөлдөөн.

- Таны ажлын зарчим юу вэ?

- Амьдрал өөрөө сургууль, би өнөөдөр ч гэсэн суралцсаар л явна. Улс орны өнөөгийн байдлыг ч харсан бидний хийж бүтээх цаг үе, алдаж болохгүй цаг хугацаа хаалга тогшиж байна. Миний зарчим бол  өөрөө  эхлээд  төлөвш, боловсрол эзэмш, өөрийгөө хөгжүүл,  шинийг санаачил, бусдыгаа хошуучил. Энэ замаар явбал  аяндаа  хэн нэгнийг харлуулах, муулах, гүтгэх гэх мэт зүйлтэй  эвлэрч  чадахгүй.  Тийм  зав ч олдохгүй.

-Улсын хөгжил сумаас гэж үг байдаг. Таны бодлоор ямар нөхцөлд сум орон нутаг хөгжиж байна гэж үзэх вэ?

-Хөгжил гэдэг чинь өөрөө их өргөн хүрээг хамардаг харьцангуй ойлголт. Гэхдээ өнөөдөр хүн бүхэн л хөгжих юм сан, манай сум орон нутаг хөгжөөсөө гэж ярьдаг. Эндээс хүн өөрөө хөгжил рүү тэмүүлж байдаг нь харагдаж байгаа юм. Тухайлбал, өнөөдөр манай нийгмийг бүхэлд нь харахаар хот руу нүүдэллэх аян явсаар л байна. Яагаад гэвэл тэнд гол нь ажлын байр байна.

Ингээд хүн ам нэмэгдэж тэлэхийн хэрээр тухайн хот сууринд мөнгөний урсгал нэмэгдэж эдийн засаг нь бэхжиж байдаг. Хүн ам их хэмжээгээр төвлөрөөд ирэхээр аяндаа нийгмийн бусад салбарууд нь хөгжөөд ирнэ гэж бий.

Жишээ нь манай суманд 100 хүн ажилладаг үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг арьс шир боловсруулах үйлдвэр, гутлын үйлдвэр байгуулагдлаа гэж бодоход тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хүнсний хэрэглээнээс эхлээд дараагийн ажлын байр бий болдог байхгүй юу. Өнөөдрийн 100 орчим мянган хүн амтай Эрдэнэт хот Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийг дагаад бий болсон хот. Манай аймагт Таван толгой ордыг дагаад Цогтцэций гэдэг сум хот болж байна, Оюу толгой төслийг дагаад Ханбогд сум мөн хот болж байна. Хүн ам их хэмжээгээр төвлөрөөд ирэхээр аяндаа нийгмийн бусад салбарууд нь хөгжөөд ирнэ гэж би хардаг. Иргэдийнхээ ая тухтай байдлыг бүрдүүлэх, нийгмийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд сум орон нутгийн анхан шатны байгууллага, өөрөөр хэлбэл иргэдийн төлөөлөгчид маш сайн идэвх санаачилгатай байх хэрэгтэй.

Сум орон нутгийн хөгжлөөс салгаж болохгүй нэг зүйл бол хүүхдийн боловсрол хэр олгогдож байна вэ гэдгээс ихээхэн хамаарна. Тиймээс сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийг сайн баг удирдах ёстой, сайн багш хичээл заах ёстой. Багш хүн мэдээлэлд ойр байхаас гадна өөрийгөө хөгжүүлж суралцах нь энэ нийгмийн шаардлага болжээ. Хэрэв сурагч эцэг эхчүүдийн эрэлт хэрэгцээ, нийгэм соёлын шаардлага хангахгүй нөхцөлд тухайн багшийг ажиллуулах уу үгүй юу гэдгийг сургуулийн удирдлага шууд шийддэг байх ёстой. Сум орон нутгийн удирдлагууд үүнд анхаарч ажиллах хэрэгтэй гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа.