Нийгэм

Мянган ор дэлгэхэд бэлэн байна

Мянган ор дэлгэхэд бэлэн байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийн үндэсний төв 2 болон СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдалтай танилцлаа.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн орны ачаалал нэмэгдвэл коронавирусны халдвартай иргэдийг Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийн үндэсний төв рүү шилжүүлэхэд бэлэн байна. Шаардлагатай тоног төхөөрөмж, эмч, мэргэжилтнүүдийн ажиллах ногоон бүс, шинээр суурилуулсан амьсгалын болон оношлогооны аппаратуудыг ажиллуулах боловсон хүчнийг бэлтгэсэн. Эхний ээлжид 500 ор бэлэн, шаардлагатай бол 500 орыг нэмэх бүрэн боломжтой гэдгийг Эрүүл мэндийн сайд хэллээ.

Мөн Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдалтай танилцав. Эмнэлгийн тоног төхөөрөмж, шинээр суурилуулсан аппарат лабораториудаас гадна мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн багийг бэлтгэн “Ковид-19” цар тахлын үед хэрхэн ажиллах заавар, зөвлөмжийг хүргүүлжээ.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар эмнэлгийн удирдлагууд болон эмч, мэргэжилтнүүдэд хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, ажлын хуваарилалтаа зөв зохицуулж ажиллахыг зөвлөлөө.