Нийгэм

Нийслэлд өнөөдөр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт дахин шилжиж байна

Нийслэлд өнөөдөр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт дахин шилжиж байна

Өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэр хэрэгжиж эхэллээ. Нийслэлд мөрдөгдөх бүх нийтийн бэлэн байдлын зэрэг нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06.00 цаг хүртэл 14 хоног үргэлжилнэ.

14 хоногийн хугацаанд:

-       Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлш

-       Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт

-       Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт

-       Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт

-       Улсын онц чухал болон стратегийн ач холбогдолтой обьект, байгууллага, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт

-       Нийтийн тээвэр, такси

-       Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт

-       Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх

-       Банк

-       Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

-       Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага

-       Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат

-       Оршуулга

-       Хүүхэд хамгаалал

-       Төрийн захиргаа гэсэн салбарынхан хэвийн ажиллана.

Бусад салбар ажиллахгүй. Төрийн байгууллагуудын нийт ажиллагсдын 10-15 хувь нь ажлын байрандаа, бусад нь зайнаас ажиллах юм. Хотын захиргаа зөвшөөрөгдсөн салбарт ажилладаг хүмүүсийн автомашин, тэр дундаа 800 таксинд QR код  олгоно.

Өмнө нь код авсан бол идэвхжүүлэх юм байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлгийн бичигтэй, цаг авсан иргэд хувийн автомашинаараа чөлөөтэй зорчино. Улаанбаатар хотоос орон нутаг руу хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан тээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд л PCR шинжилгээ өгч явна. Халдвартай аймаг, сумаас Улаанбаатар хотод ирэх бол PCR, энэ аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө. Халдваргүй аймаг, сумаас ирэх иргэд асуумж бөглөнө.