Нийгэм

Ажил, үүргээрээ манлайлсан цагдаагийн албан хаагчдыг өргөө цагаан гэрээр шагналаа

Ажил, үүргээрээ манлайлсан цагдаагийн албан хаагчдыг өргөө цагаан гэрээр шагналаа

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн цагдаагийн газар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс ажил, үүргээрээ бусдыгаа манлайлсан гурван ахлагчийг өргөө цагаан гэрээр шагналаа. 

Шагналыг СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн Иргэдийн хурлын дарга Б.Хуягбаатар, НЦГ-ын дарга Ш.Цогбаатар нар гардуулж өглөө. Эдгээр ахлагчид нь  2020 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 500 гаруй албан хаагчдын дундаас бусдыгаа хошуучлан, онцгой нөхцөлд үүргээ амжилттай биелүүлсэн албан хаагчид юм. Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Хуягбаатар цагдаагийн хэлтсийн удирдлагад 50 мянган маск бэлэглэсэн юм.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн цагдаагийн газраас 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэнэ хэмээн тусгагдсан байсан.  Энэ ажлын хүрээнд дүүргийн цагдаагийн газарт 24 ширхэг туулах чадвар сайтай автомашиныг олгосон. Саяхан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд эрүүлжүүлэх, баривчлах байр болох онцгой объектод автомашин дутагдалтай байгааг уламжласны үр дүнд энэ асуудлыг шийдвэрлэж шинэ фургон машиныг өнөөдөр олгож буй талаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын төлөвлөлт, зохион байгуулалт дотоод ажлыг хариуцсан чиглэлийг ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Золбоо хэллээ.