Нийгэм

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үе үеийн сайд нарыг хүлээн авч уулзлаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үе үеийн сайд нарыг хүлээн авч уулзлаа
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 1990 оноос хойш салбарын сайдаар ажиллаж ирсэн үе үеийн сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтад Боловсролын сайд Н.Уртнасан, Шинжлэх ухаан, Боловсролын сайд С.Төмөр-Очир, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, А.Баттөр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Ө.Энхтүвшин, Н.Болормаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Г.Чулуунбаатар, Ц.Цогзолмаа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн нар оролцлоо.
 
Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ой тохиож байгаа энэ үед томилогдон ажиллаж байгаадаа би өөрийгөө азтай сайд гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд нийт 38 сайд ажиллаж, сүүлийн 20 жилд 18 сайд томилогдон ажилласан байна. Бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан гурван сайд байдаг юм байна. Ингээд бодохоор нэг сайд дунджаар 4-6 сар ажил үүргээ явуулсан байгаа юм. Энэ бол сайд нарын буруу биш. Харин үүнийг Монгол Улсын бодлого, сонгуулийн тогтолцоо, нийгмийн гажиг гэж харж байгаа. Уламжлалгүйгээр шинэчлэл гэж байдаггүй. Тиймээс өнөөдөр сайд нарынхаа саналыг сонсъё гэж зорьсон. Би ажлаа аваад хэд хэдэн зүйлийг олж хараад байна. Өнөөдөр боловсрол, шинжлэх ухааны салбарт 101,390 хүн ажилладаг. Энэ бол нийт төрийн албан хаагчийн 40 гаруй хувь юм. Иймд төрийн албаны шинэчлэлийг манай салбараас эхэлж болохоор байна. Мөн боловсролын салбарт 1,7 их наяд төгрөгийн санхүүжилт хийгддэг. Үүнийгээ багш, хүүхдүүддээ зориулъя. Ерөнхий боловсролын сургуульд олгодог санхүүжилтээс болж ялгаа үүсч эхэлсэн. Төр өөрөө ялгааг бий болгож болохгүй. Шинжлэх ухааны салбар, их, дээд сургууль, хүрээлэнгүүдийн хамтран ажиллах сэтгэлгээ хангалтгүй байна. Боловсролын тогтолцоо ийм байхад бид санхүүжилтийг нэмсэн ч бодит байдал өөрчлөгдөхгүй. Тиймээс энэ бүгдийг шинэчилнэ. Энэ Засгийн газар боловсрол, шинжлэх ухаан, инновацийн салбарт анхаарч, улс төрийн дэмжлэг үзүүлж, УИХ-ын гишүүнийг давхар Боловсрол, шинжлэх ухааны сайдын үүргийг хаших томилгоо хийсэн” гэдгийг онцоллоо.
 
Сайд нар өөрийн ажиллаж байсан үеийн бодлого, зорилт, авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээнийхээ алдаа, оноог ярилцаж, салбарын шинэ сайдад хандаж, засаж сайжруулах чиглэлээр хэд хэдэн санал хэллээ. Тухайлбал, боловсролын зорилгыг улсын хөгжлийн зорилготой уялдуулах, үндэсний боловсролын тогтолцоог дэлхийтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх, хүмүүжилтэй хүн бэлтгэх, англи хэлийг хоёр дахь хэл болгох, шинжлэх ухаанч соёлыг түгээн дэлгэрүүлэх, боловсрол судлалыг хөгжүүлэх, их, дээд сургуулиудын хөтөлбөрийн давхцалыг арилгах шаардлагатай байна гэв.
 
Түүнчлэн багш бэлтгэх тогтолцоо, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, сурах бичиг бүтээх харилцаануудыг хуульчлах шаардлагатай, Мэргэжлийн боловсрол, сургалтыг Боловсролын яамны харьяанаас гаргасан нь алдаатай бодлого байсан. Үүнээс болж салбарын шаталсан тогтолцоонд доголдол гарч, багш нар нь хохирсон хэмээж байсан юм.
 
Шилжилтийн эхэн үед буюу 1990-1993 онд Боловсролын сайдаар ажиллаж байсан Н.Уртнасан “Миний үед сайдын албыг хашихдаа малчин өрхийн хүүхдүүдийг боловсролтой болгоход анхаарч ажилласан. Сургууль бол хүнийг хөдөлмөрт сургадаг гэж би боддог. Эрдэм мэдлэгээс гадна насан туршдаа хөдөлмөр эрхлэх, хүмүүжихэд гол анхаарах нь чухал байна. Улс орны бодлогыг тодорхойлж, түүнийгээ тууштай, үр дүнтэйгээр хэрэгжүүлж чадсан бол өнөөдрийн түвшинд шүүмжлээд байгаа шиг нөхцөл байдал тулгарахгүй байсан болов уу. Бид зориг, тэвчээр гаргаад тууштай хийж чадаагүй нэг ажил бол багш нарын боловсрол, чадвар, нийгмийн асуудалд анхаарах явдал гэж боддог. Иймд цаашид үүнд анхаарч ажиллаарай” гэв.
 
1995-1996 онд Шинжлэх ухаан, боловсролын сайдаар ажиллаж байсан С.Төмөр-Очир “Өнөөдөр монгол хүнд дутагдаж байгаа нэг зүйл бол хүмүүжил юм. Иймд хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Зүрх сэтгэлийн боловсролыг оруулж өгөх нь чухал. Хүн бүр өөрийгөө боловсролыг мэддэг гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ тийм ч олон хүн боловсролыг мэддэггүй. Надад захиж хэлэх зүйл байна. МСҮТ боловсролын тогтолцоо юм бол яамны харьяанд авах хэрэгтэй. Мөн багш бэлтгэдэг системийг сайжруулж, онц сайн сурдаг хүүхдүүдийг багшийн их сургуульд сургах хэрэгтэй” хэмээсэн юм.
 
Сайд Л.Энх-Амгалан уулзалтын төгсгөлд хэлсэн үгэндээ “Та бүхний үнэт саналыг ажил хэрэгтээ тусгана. Бодлого боловсруулахад оролцоорой. Та бүхэн хийж, хэрэгжүүлж амжаагүй зүйлээ надаар дамжуулан хэрэгжүүлээрэй. “Хамтрах соёл”-ыг үе үеийн боловсролын сайд нараас эхлүүлье” гэж уриаллаа. Сайд нар ч салбарын шинэ сайдтай хамтарч, дэмжиж ажиллах бүрэн боломжтой гэдгээ тодотгон хэлцгээж байлаа.
 
Одоогийн Боловсрол, шинжлэх ухааны яам 1924 онд Ардыг гэгээрүүлэх яам нэртэйгээр байгуулагдсан бөгөөд энэ хугацаад 38 хүн салбарын сайдаар ажиллаж иржээ.
 
Эх сурвалж: БШУЯ