Нийгэм

“Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд шаардлагатай оношлуур, хамгаалах хувцас хэрэгслийг хангалаа

“Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд шаардлагатай оношлуур, хамгаалах хувцас хэрэгслийг хангалаа

Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 11-нээс 23-ны хооронд хийгдэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт 73 шинжилгээний төв, явуулын 137 багийг зохион байгуулж, халдварын голомтын идэвхтэй бүсэд хамаарах эрсдэл бүхий хороодоос сонгогдсон айл өрхийн нэг гишүүнийг шинжилгээнд хамруулж байна.

Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилготой тус үйл ажиллагаанд нийт 1923 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж буй бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шаардлагатай урвалж, оношлуур, ариутгалын бодис болон хамгаалах хувцас хэрэгслээр ханган ажиллаж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хуваарилагдсан нөөцөөс 410 мянган өрхөд шинжилгээ хийхэд зориулж шинжилгээ авах бамбар (тубе) 130.500 ширхэг, хамгаалах комбинзон 47.214 ширхэг, N95 амны хаалт 36.722 ширхэг, жавелион (300ш) 247 ширхэг, гар халдваргүйжүүлэгч (1 литр) 20.184 ширхэг, улавч 365.994 ширхэг, нэг удаагийн бээлий 1.681.608 хос, нэг удаагийн халаад 339.000 ширхэг, нэг удаагийн амны хаалт 43.036 ширхэг, нэг удаагийн малгай 47.706 ширхэг, гадаргуу ариутгагч (500 мл) 246 ширхэг, нүүрний хаалт 47.224 ширхэг, хогны хар уут 16.860 ширхэг, хогны шар уут 33.720 ширхэгийг нийт харьяа болон тусгай мэргэжлийн 29 эрүүл мэндийн байгууллагуудад хангалт, түгээлт хийлээ гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.