Нийгэм

С.АМАРСАЙХАН: Хатуу хөл хориог үр дүнгүй болгох ЭРХ Засгийн Газарт байхгүй

С.АМАРСАЙХАН: Хатуу хөл хориог үр дүнгүй болгох ЭРХ Засгийн Газарт байхгүй
Монгол Улсын хэмжээнд өнөөдрөөс хатуу хөл хорионы дэглэм үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газрын сайд нар мэдээлэл хийлээ.

Шадар сайд С.АМАРСАЙХАН: 

Хатуу хөл хорио тогтоосон нь халдварыг хумих, дархлаажуулалтын ач холбогдлыг бууруулахгүй байх, дархлаажуулалтын дараа дэгдэлтийг дахин нэмэгдүүлэхгүй байх зорилготой. Хөл хорионы үеэр өдөрт 100-150 мянган иргэнийг дархлаажуулна гэж үзвэл энэ хэрээр хөл хөдөлгөөн өрнөх учраас вакцинжуулалтыг хойшлуулсан. Хатуу хөл хориог үр дүнгүй болгох эрх Засгийн газарт байхгүй. Эхний тунг хийлгэсэн 864 иргэн халдвар авсан. Вакцины нөөц дуусаагүй, 192 мянган тун вакцин байна.

Дөрөвдүгээр сарын 9, 12-нд тус бүр 300 мянган тун вакцин, нийтдээ 600 мянган тун вакцин ирэх байсан нь тээвэрлэлтийн улмаас хойшилсон.

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

Дөрөвдүгээр сарын 26-аас вакцинжуулалтыг идэвхжүүлнэ. Тавдугаар сарын 31-н гэхэд нийслэлийн иргэдийг бүгдийг вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэхдээ тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн хүн амыг бүгдийг нэг дэх тунгаар, тавдугаар сарын 31 гэхэд 2 дахь тунд хамруулна. Дархлаажуулалтын цэгийг 120-160-аар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Синофарм вакцины хоёр дахь тунг өчигдөр иргэд эхнээсээ хийлгэж эхэлсэн. Нийт 850 иргэн хоёр дахь тунг тариулсан. Гэхдээ хатуу хөл хорионы улмаас дархлаажуулалтыг хойшлуулж байгааг ойлгох хэрэгтэй. Вакцины хоёр дахь тунг эхнийхээс 21-56 хоногийн дараа хийлгэхэд дархлаа тогтоох хувьд өөрчлөлт орохгүй. Хатуу хөл хорио тавигдангуут ахмадууддаа гэрээр нь дархлаажуулалт хийхээр төлөвлөж байна. Улаанбаатар хотод 260 мянган ахмад бий, одоогоор тэдний 50 хувийг вакцинжуулалтад хамруулсан.

Тээвэрлэлт нь хойшлоод байгаа 600 мянган тун вакцин нь Синофарм үйлдвэрийн вакцин юм.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.БАТТӨР: 

Халдварын тархалттай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд нас баралт нэмэгдсэн, хүнд өвчтөний тоо нэмэгдсэн. Хатуу хөл хорио дуусахаас өмнө нас баралт нэмэгдэж болзошгүй. Хүндрэл хөл хорио тогтоосноос хойш илүүтэй илэрхээр байгаа.

Шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын төв рүү мэдээллээ өгөөрэй. Гэрээр нь очиж, үйлчилгээ үзүүлнэ. Иргэд гэрийн тусгаарлалтад үлдэхийг илүүд үзэж байна. Өндөр настай хүн гэр бүлд байгаа бол эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлэх, чихрийн шижин, таргалалттай хүн халдвар авсан тохиолдолд өвчин хүндэрч байгаа учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай.

25-54 насныхан халдварт илүү өртөж, гэр бүлдээ тарааж байна.