Нийгэм

БНХАУ-ЫН СИНОВАК КОМПАНИЙН ВАКЦИНЫГ МАНАЙ УЛС ОРУУЛЖ ИРЭЭГҮЙ

БНХАУ-ЫН СИНОВАК КОМПАНИЙН ВАКЦИНЫГ МАНАЙ УЛС ОРУУЛЖ ИРЭЭГҮЙ
Хятад, ОХУ-ын вакциныг оруулж ирснээр зорилтот бүлгүүдийг хамруулж буй. Өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд 600 мянга орчим хүн вакцинд хамрагджээ. Үүнээс нийслэлд 493787 хүн вакцинд хамрагдаад байгаа юм. Гэвч сүүлийн өдрүүдэд Хятадад үйлдвэрлэсэн вакцины үр дүнгийн талаар эргэлзээтэй мэдээллүүд  гарах болсноор олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулж байна. Бас БНХАУ-ын Синофарм болон Синовакийг андуурах болжээ. Эдгээр хоёр үйлдвэрийн аль вакциныг манай улс хүлээн авсан талаар төөрөгдөл үүсэв.

Иргэд төдийгүй эрх бүхий албаны хүмүүс ч Синофармаас илүү Синовак нь үрдүнгүй, аль эсвэл “Синофармын Синовак вакцин тариуллаа” зэргээр андуурч байна.

Хотын захирагч нь хүртэл “Улсын хоёрдугаар төв эмнэлэгт Covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтын БНХАУ-ын Синофарм группын Синовак вакциныг Шадар сайд С.Амарсайханы хамт хийлгэлээ” гэж цахим хуудастаа гуравдугаар сарын 10-ны өдөр нийтэлж байв.

Харин манай улс Синовак үйлдвэрийн вакциныг өнөөдрийг хүртэл оруулж ирээгүй байгааг Эрүүл мэндийн яамнаас залруулжээ.

Тодруулбал, манай улсад АстраЗенека, Синофарм, Спутник V, Файзер гэсэн дөрвөн компанийн вакцин албан ёсоор бүртгэгджээ. Одоогоор зорилтот бүлгийн хүн амыг Хятадын Синофарм компанийн вероцелл  вакцинаар дархлаажуулж байгаа аж.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.ЭРДЭМБИЛЭГ: 

-Синофарм гэдэг нь компанийн нэр. Синовак нь ч бас өөр компанийн нэр. Ижилхэн нэртэй болохоор хүмүүс андуурч байгаа бололтой. Хоёул вакцин үйлдвэрлэгч тус тусдаа компани юм.

Монгол Улсад Синофарм компанийн вероцелл вакцин орж ирсэн. Уг вакцины эхний 300 мянган тунг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хүлээн авсан. Хоёр дахь 300 мянган тунг манай улс худалдан авсан. Дахин 600 мянган тун вакцин худалдан авахаар гэрээ байгуулж, мөнгөө шилжүүлсэн ч тээвэрлэлт хойшилж, төлөвлөсөн хугацаанаас багагүй зөрсөн. Гэхдээ энэ сард багтаад вакциныг хүлээн авна. Хувийн хэвшлийн компаниуд Синовак үйлдвэрийн вакциныг оруулж ирэх тухай хүсэлт гаргаж байгаа. Хэрэв ЭМЯ-ны Хүний эмийн зөвлөлөөс тус үйлдвэрийн вакциныг үр дүнтэй гэж үзвэл оруулж ирэх боломжтой.

Өнөөдрийн байдлаар манай улсад БНХАУ-ын Синофарм компанийн вероцелл вакцинаар дархлаажуулалт үргэлжилж байна. Ерөнхийдөө АстраЗенека вакциныг хүлээн авсны дараа нэн тэргүүнд эрүүл мэндийн салбарын ажилчид, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг стратегийн чухал ач холбогдол бүхий алба хаагчдыг вакцинд хамруулсан. Дараа нь зорилтот бүлгээ үе шаттайгаар дархлаажуулсан. Хүн амын дийлэнх нь БНХАУ-ын Синофарм компанийн вероселл вакцинд хамрагдсан. Үр дүнгийн хувьд вероцелл нь дэлхий дахинд хамгийн өндөр үр дүнтэй вакцинуудын тоонд багтаж байна. Дархлаа тогтоц 90-ээс дээш хувьтай гэсэн сайн үзүүлэлттэй байгаа. Энэхүү вакциныг ДЭМБ-аас тун удахгүй баталгаажуулах байх. Тэгэхээр Хятадын вакцин үр дүнгүй гэх шүүмжлэл ч намжих болов уу. Ер нь бүх вакцин үр дүнтэй.” гэлээ.