Улс төр

Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлжээ

Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлжээ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль өнгөрөгч аравдугаар сарын 11-нд орон даяар болж өнгөрсөн билээ. Тэгвэл энэхүү сонгуулиар Төв аймгийн ИТХ-д АН-ынхан 21 суудал, Ардын нам 20 суудал авч хамтарсан байдлаар удирдлагын багаа бүрдүүлэх нөхцөл бүрдээд байлаа.
Гэтэл Төв аймгийн АН-ынхан аймгийн Сонгуулийн хорооны дарга С.Цогбаяр гэгчийг хүртэл өөрсдийн “Шинэчлэлийн баг” гэсэн групптэй элсүүлэн хууль бусаар төрийн эрх мэдэл авахаар санаархаж, хууль зөрчиж ялалт байгуулсан нэр дэвшигчдээ шүүхийн шийдвэрийг хүлээхгүйгээр шууд батламжлахаас гадна МАН-ын эмэгтэй нэр дэвшигчийг илтэд гадуурхан шүүхийн шийдвэр гараагүй байхад бүрэн эрхийг нь баталгаажуулахаас татгалзаж, хууль бусаар анхдугаар хуралдаанаа хийж ИТХ-ын даргаар Н.Энхболд, Засаг даргаар Л.Төмөрчөдөр гэгчийг батламжилжээ.
Төв аймагт МАН-аас сонгогдсон 20 төлөөлөгч уг хурлыг хууль бус гэдгийг мэдэж байсан учраас бүрэн эрхээ баталгаажуулж, тангараг өргөхөөс татгалзан гарч явсан ч АН-ынхан хүч түрэн энэхүү хуралдааныг хийсэн увайгүй үйлдэлд дургүйцсэн 20 төлөөлөгч энэ өдрүүдэд Төв аймгийн Нутгийн захиргааны ордоны гадна жагсаал зохион байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан албан бичиг илгээжээ.

]

Тухайлбал, АН-ын нэр дэвшигч буюу Төв аймгийн Аргалант сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон Я.Энхбаатар гэгч нь шүүхээс ял сонссон, Ө.Машбаяр, О.Мягмарсүрэн нар нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 40.1.2-т зааснаар "Өөр шатны ИТХ-д давхар суухыг хориглоно" гэсэн заалтыг зөрчиж Эрдэнэсант сумын ИТХ-д суухаар тангараг өргөсөн зэрэг увайгүй үйлдлээ үл тоомсорлон тангараг өргүүлжээ.

Тэгсэн атлаа Н.Энхболд гэгч нь Төв аймгийн Баянхангай сумаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон С.Баярмааг өөрсдийн үзэмжээр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэл бүрэн эрхийг чинь баталгаажуулахгүй хэмээн ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргасан учраас эдгээр хууль бус хоёр даргыг батламжлахгүй байхыг уриалан ИТХ-ын төлөөлөгч нар жагсаж буй юм.