ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.УУГАНБАЯР:
-Монгол Улсад сүүлийн 24 цагт 11883 хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 1107 шинэ тохиолдол бүртгэгджээ. Халдварын нийт тохиолдол 19672 болсон байна. Covid-19 халдварын улмаас зургаан хүн нас баржээ. Ингээд Covid-19-ийн шалтгаант нийт нас баралт 37 боллоо.
Тодруулбал, 34 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан бол 49 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 6-нд онош нь батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Мөн 76 настай эмэгтэй онош нь энэ сарын 7-нд батлагдаж, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан бол 64 настай эмэгтэй энэ сарын 12-нд батлагдаж, мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан. Халдварын улмаас нас барсан 58 настай эрэгтэйгийн хувьд гуравдугаар сарын 15-нд батлагдаж, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан бол 62 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдаж, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
Халдварын тархалтыг аймгуудаар нь авч үзвэл,
- Дархан-Уул аймаг- 4
- Орхон – 12
- Дорнод аймаг-1
- Сүхбаатар аймаг- 2
- Дундговь аймаг- 8
- Өвөрхангай аймагт- 4
- Баянхонгор аймагт- 2
- Архангай аймаг- 19
- Төв аймаг-17
- Хэнтий-2
- Сэлэнгэ-3
- Увс-3
- Ховд аймаг-7 тохиолдол тус бүр батлагдаад байна.
Улсын хэмжээнд 3025 хүн Covid-19-ийн улмаас хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс,
- 2048 хүний бие хөнгөн
- 723 хүний бие хүндэвтэр
- 201 хүний бие хүнд
- 53 хүний биеийн байдал нэн хүнд байна. Гэрийн тусгаарлалт, эмчилгээнд 1090 хүн байна. Ойрын хавьтагч болсон 10946 хүн тусгаарлалтад байна.