Нийгэм

Коронавирусийн халдварын улмаас гэрийнхэндээ гадуурхагдаж, амиа хорлохыг завдав

Коронавирусийн халдварын улмаас гэрийнхэндээ гадуурхагдаж, амиа хорлохыг завдав

Коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоны дараа гэр бүлийнхэндээ гадуурхагдсан эмэгтэйг амиа хорлохоос нь сэргийлсэн талаар БЗД-ийн албан ёсны вэб сайтад мэдээлэл нийтлэгджээ. 

Тодруулбал, Баянзүрх дүүрэг "Таныг сонсож байна Call center" 1900-1063 шууд утас ажиллуулж иргэдээ сонсож, эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж байгаа ажээ. Энэхүү утсанд хэдхэн өдрийн өмнө 20 гаруй насны эмэгтэй холбогдож “Миний шинжилгээний хариу батлагдаж, эерэг гарсан. Энэ талаараа мэдээд гэрийнхэндээ хэлтэл гадуур тэнэж яваад халдвар аваад ирлээ хэмээн уурлаж, над руу ариутгах бодис цацаад байна. Манайх есөн давхарт байдаг. Би амиа хорлоно” хэмээн уйлан ярьсан байна. Дүүргийн онцгой комиссын зүгээс шуурхай ажиллаж, тухайн эмэгтэй эмнэлэгт хэвтүүлжээ. 

Хэрвээ шуурхай арга хэмжээ аваагүй бол тухайн эмэгтэйн амь нас эрсдэх аюултай байсныг мөн мэдээлсэн байв. 
Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлд хүнийг эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхахыг хориглосон заалт бий. 
Түүнчлэн "Цар тахлын халдвараар өвчлөөд, эдгэрч гарсан хүмүүсээс найз нөхөд зайгаа барих, харьцахгүй байх буюу ялгаварлан гадуурхаж байна гэх гомдол их ирж байна. COVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүс танд халдвар тараахгүй тул ялгаварлан гадуурхахгүй байхыг хүсье. Энэ өвчин таныг ч бас дайрч болзошгүй тул хэн нэгнийгээ ялгаварлаж болохгүй" гэдгийг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр хэлж байв.