Нийгэм

Олимп зохион байгуулах нь Япон улсад аюултай

Олимп зохион байгуулах нь Япон улсад аюултай

Японы эмч нарын зөвлөлийн тэргүүн өчигдөр/2021.05.27/ хэвлэл бага хурал хийж, олимпийн наадмыг зохион байгуулбал Японд улсад аюул нүүрлэнэ гэдгийг мэдэгдлээ. Зөвлөлийн тэргүүн Наото Үэяамагийн хэлснээр хилийн чинадаас 100 мянга гаруй тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс ирэхээр тэднийг дагаж төрөл бүрийн мутацид орсон вируснууд Токиод бөөгнөрч, улс орных нь одоогийн нөхцөл байдал улам дордож, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, нас баралт нэмэгдэнэ гэв.

Наото Үэяама “Цар тахлын шинэ хувилбар гарч ирэхийг үгүйсгэхгүй. Осакад нөхцөл байдал улам хүндэрч, орон даяар эм тариа, хүний нөөцийн дутагдалд орж байна” гэжээ. Мөн тэрбээр Япон улсын вакцинжуулалт, PCR шинжилгээний ажил удаашралттай байгааг онцолж, олимпийн үеэр гадны тамирчдад тавих хяналт сул байхыг анхаарууллаа.

Дан ганц Японы эмч нарын зөвлөл биш  тус улсын иргэд олимп, паралимпийг эсэргүүцэж байна. Гэвч олимпийн зохион байгуулагчдын зүгээс наадмаа товлосон хугацаандаа нээхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа. Токиод болон Японы зарим бүс нутгуудад өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм.