Нийгэм

Ц. УУГАНЦЭЦЭГ: Улс төрчид, эрх ашгийн бүлэглэлд энэ сумын газар нутаг, иргэд юу ч биш юм байна гэдгийг мэдэрсэн. Энэ шалтгаанаар улсын стратегийн бүс нутаг ийм дорой байдалтай байна

Ц. УУГАНЦЭЦЭГ: Улс төрчид, эрх ашгийн бүлэглэлд энэ сумын газар нутаг, иргэд юу ч биш юм байна гэдгийг мэдэрсэн. Энэ шалтгаанаар улсын стратегийн бүс нутаг ийм дорой байдалтай байна
Сайн байна уу та? Цогтцэций сумынхан сайхан намаржиж байна уу?


Сайн, сайн байна уу та? Цогтцэций суманд маань оройтож бороо орсон ч энэ зун, намар дэлгэр сайхан байна аа. 2018 оноос хойш энэ жил шиг бороо ороогүй, отрын айлын хөлд дарагдаж цаг гандуу, зүтгүүхэн 3 жилийг давсан. Энэ жил үндэс бүхэн хөдөлж, манай нутагт ургадаг ургамал, ногоо бүхэн ургалаа. Мал, малчид, иргэд маань нуруу тэнэгэр сайхан намаржиж байна аа.


Таныг сумын Засаг даргын ажлаа үргэлжлүүлэн хийгээд удаагүй байгаа гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөөч.


2020 оны 12 сарын 17-ны өдрийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудалд ороогүй асуудал болох сумын Засаг даргыг огцруулах саналыг Ардчилсан намын бүлгээс оруулж ирж, олонхоор хүч түрэн баталж, тогтоолыг батлуулсан байдаг. Энэ хууль бус шийдвэрийг аймгийн Засаг дарга баталгаажуулж огцруулах захирамж гаргасан. Миний зүгээс сумын бодлого тодорхойлдог ИТХ-ын байгууллага тэр тусмаа иргэдийн жинхэнэ дуу хоолой болж ажиллах үндсэн үүрэгтэй хурлын төлөөлөгчид увайгээр хуулийг уландаа гишгэж төрийн албыг самарч байгаа нь бас аймгийн Засаг дарга хуулийг үл тоож, нутгийг эзэнгүй байлгах сонирхолтой, улс төржсөн шийдвэрийг дэмжиж ямар ч үндэслэл нотолгоогүйгээр огцруулсан нь цаашид бусад орон нутагт энэ буруу жишиг тогтох маш том эрсдэлтэй гэж үзэн шүүхэд хандсан. 2021 оны 6 сарын 28-ны өдрийн давж заалдах шатны шүүхээр Цогтцэций сумын Засаг даргыг огцруулсан нь хууль бус гэдгийг тогтоож энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд аймгийн Засаг дарга огцруулсан захирамжаа хүчингүй болгоогүй бөгөөд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй л байна. Аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Батдорж даргаас “бид огцруулсан захирамжийг хүчингүй болгох шаардлагагүй” гэсэн тайлбар өгдөг. Миний хувьд 2021 оны 8 сарын 2-ны өдрөөс ажлаа үргэлжлүүлэн хийсэн, өнөөдөр 37 хонож байна. Энэ хугацаанд сумын иргэд, малчдынхаа тулгарч байгаа асуудлыг сонсож, хаанаа, юун дээрээ гацаад байгаа, гарц гаргалгаа нь юу байж болох гээд танилцах, мэдээлэл авах, шийдвэрлэх боломжийг хайж ажиллалаа.


Цогтцэций суманд ковидын тархалт, малын өвчин, шороошн замын нүүрс тээвэрлэлттэй холбоотой байгаль орчин, бэлчээрийн талхлагдал гэх мэт асуудлууд байх шиг байна?


Манай сумын хэмжээнд албан ёсны бүртгэлтэй 8600 гаруй иргэд байна. нэмэгдээд албан ёсны бүртгэлгүй 30.000-40.000 иргэн ажиллаж хөдөлмөрлөн амьжиргаагаа залгуулж байна гэсэн албан бус тоо байдаг. Хичээл сургалт эхэлж, уул уурхайн үйл ажиллагаа идэвхжиж байгаатай холбоотой сумын төвд ковидын халдварын тархалт нэмэгдэж байна. Сумын эрүүл мэндийн төвийн халдвартын тасаг 20 ортой эмчилгээ хийж байсан бол өчигдрөөс нэмэлт ор дэлгэж өнөөдөр 44 хүн хэвтэн, 19 хүн ор хүлээж гадуур эмчлүүлж байна. Бас Цагаан хадны бүс рүү халдваргүй жолооч нэвтрүүлэх үүрэг хүлээгээд 50 гаруй цэгт 600-аад жолооч, техникийн ажилчид тусгаарлагдаж байгаа. Энэ хүмүүсээс ч нилээд илэрч байна. Сумын хэмжээнд 19000 толгой бог малд мялзан өвчний вакцинжуулалт хийгдэж дууссан. Одоо улсын хэмжээнд хийгдэж буй шүлхийн вакцинд 48000 толгой мал хамруулахаар ажиллаж байна. Мөн ажил авахад сумын хөрөнгө оруулалтын ажлаас 10 хувийн ажил хийгдсэн хангалтгүй дүнтэй байсан. Одоо 60 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Малчдаас шороон замын нүүрс тээвэрлэлттэй холбоотой гомдол, шаардлага мөн отор нүүдэлтэй холбоотой маш гомдол ирж байсан. Ер нь ажил нилээд цалгардаж, удирдлага зохион байгуулалт ойлгомжгүй нөхцөл байдал угтсан. Бас бэлчээр нанги түйрэм болж, хавартаа хүн амьдрах аргагүй шороо тавьдаг боллоо.


Таныг нүүрс тээвэрлэлтийг зогсоосон шийдвэр гаргасан гэж зарим тээвэрчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгсөн байсан. Энэ үнэн үү?


Сумын Засаг даргад ямар ч хуулиар нүүрс тээвэрлэлт хийх болон зогсоох эрх олгоогүй. Тиймээс би нүүрс тээврийг зогсоох ямар ч шийдвэр гаргаагүй. Зарим тээврийн компаниуд буруу ойлголттой явж байх шиг байна билээ.  Гайхалтай нь аймгийн удирдлагын түвшинд ч өөрийн орон нутаг дахь бодит байдлыг ойлгуулж, танилцуулалгүй эсэргээрээ арьсаа хамгаалж үлдэхийн тулд дээд шатны төрийн байгууллага, албан тушаалтнуудад буруу ташаа, бодит бус мэдээллийг өгснөөс өөрсдөө эргээд хариуцлага хүлээх хэмжээнд байгаа юм байна гэж ойлгосон. Бодит тайлбарыг өгье. Цогтцэций суманд бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг 3 баг байдгаас гурвуулангаар нь шороон замын тээвэр явдаг. Тогтоосон маршрутыг зөрчиж олон салаа зам үүсгэснээс төр болон иргэдэд асар их хохирол дагуулсан зам болж хувирсан. Сийрст, Билгэх багаар Цогтцэцийгээс Ханги мандал руу, Билгэх багийн хойд хэцээр Чойр чиглэлд шороон замаар нүүрс тээвэр хийгддэг. Цагаан-Овоо багаар “Тавантолгой түлш”ХХК, “Оюу толгой”ХХК болон бүх уул уурхайн болон урд сумдын нийт ачаа тээвэр өндөрт 400-500 хүнд даацын болон бусад ачаа тээвэр дайрч өнгөрдөг. Ажилдаа ороод 9 дэх өдөр буюу 8 сарын 11-ний өдрийн 11 цаг өнгөрч байхад малчид ирж “Ханги мандал чиглэлийн шороон замын тээврийг малчид зогсоосон. Нэг малчныг маань дайрах шахсан. Бид шороон замаар тээвэр явуулахгүй. Сумын удирдлагууд газар дээр нь очиж үзэж холбогдох газар нь хэлж ярьж зогсоох шийдвэр гаргуулж өгөхгүй бол бид зам дээр хэвтэнэ” гэсэн шаардлагыг тавьсан. Шаардлагын дагуу сумаас ажлын хэсэг гарч ажиллахад Хангийн чиглэлийн шороон зам дээр 68 нүүрс тээврийн машин зогсож байсныг малчид иргэд, орон нутаг, компани зөвшилцөж Ханги мандал чиглэлд явуулсан. Тээврийн компаниас “бид тодорхойгүй хугацаагаар, холбогдох зөвшөөрөлгүйгээр шороон замаар тээвэр хийхгүй” гэж малчид, иргэдэд мэдэгдэн тээвэрлэлтээ зогсоосон. Дахин 8 сарын 13-ны өдөр Сийрст, Билгэх, Цагаан-Овоо багийн малчид, иргэд “Цогтцэций сумаас Улаанбаатар, Чойр, Ханги мандал чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн шороон зам нь хүн, малын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, бэлчээрийн доройтол үүсгэж байна. Таван толгойн бүлэг ордоос нүүрс олборлож эхэлсэн өдрөөс малчид, иргэдийнхээ эрүүл мэнд, нийгмийн асуудал, байгаль орчин, бэлчээрийн талхлагдал, бэлчээр, усны нөөц, сумын төвийн нийгмийн дэд бүтэц, уурхайд ажиллаж амьдарч буй ажилчдынхаа амьдрах орчин нөхцөл, нүүрс тээврийн жолооч нарын аюулгүй тээвэр хийх боломжийг зохистойгоор шийдвэрлэлгүй өнөөдрийг хүрлээ. Маш олон амь нүүрс тээврийн замт үрэгдсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2-т заасанчлан иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. Гэтэл төрийн байгууллагын аль ч шатанд бидний энэ эрхийг хангахад анхааралгүй эсэргээрээ зөрчсөөр олон жил боллоо. Төрийн байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд болох аймгийн Засаг дарга, уурхайн удирдлагууд газар дээр нь одоо байгаа нөхцөл байдалтай ирж танилц, асуудлыг шийдвэрлэ. Хэрвээ дурдсан албан тушаалтнууд ирэхгүй бол бид ямар ч тээврийн хэрэгслийг явуулахгүй, уурхайн аманд очиж тэмцэнэ” гэсэн шаардлагыг тавьсан. Сумын удирдлагын зүгээс нөхцөл байдлыг хурцатгахгүйн тулд аймгийн удирдлагуудад мэдэгдэж, малчидтай ирж уулзах хүсэлтийг хүргүүлье” гэсэн тайлбарыг өгсөн. Энэ өдөр “Эрдэнэс таван толгой”ХК-ийн Цогтцэций сум дахь орон нутгийн захирал Эрдэнэхуяг малчид, иргэдтэй уулзан “Бид та бүхний шаардлагыг хүлээн авч, уурхайн ачилтыг зогсоолоо” гэж мэдэгдсэний дараа орон нутгийн “Таван толгой”ХК-ийн захирал Доржсүрэн бид иргэдийн шаардлагыг хүлээж авч ачилтыг мөн зогсоолооо гэж мэдэгдсэн.  

8 сарын 14-ний өдөр 3 багийн малчид Аймгийн Засаг даргын 2020 оны А/963 дугаар захирамжаар батлагдсан Таван толгой-Улаанбаатар чиглэлийн “Таван толгой түлш” ХХК-ийн нүүрс тээвэрлэлтийн шороон зам дээр цуглаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан. Хэдийгээр шороон замын тээвэрлэлтийн маршрутыг тогтоосон ч өдөрт 400-500 ачаа тээврийн хэрэгсэл маршрутын бус замаар тээвэр хийдэг. Маршрутын бус асар олон шинэ зам үүсгэснээс сумын баруун, баруун хойд хэсгийн малын бэлчээр нутгийг их хэмжээгээр талхалж, бэлчээрийн доройтолд оруулсан. Тоосжилтоос үүдэлтэй малчид, иргэд, малын эрүүл мэнд муудаж уушги, дотор эрхтэн, амьсгалын замын өвчлөл нэмэгдсэн, малын бэлчээрт мал дайрч хохироодог, сумын төвийн салхин дээд талаас тоосжилт үүсгэдэг гэхчлэн Цагаан-Овоо багийн малчид болон сумын төвийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг шороон зам. Сийрт, Билгэх багийн нүүрс тээврийн шороон зам ч мөн адил ийм л хор хохирол учруулж байгааг малчид иргэд ярьдаг. Иргэдээс шаардлага ирүүлсний дагуу миний бие тухайн өдөр малчид цугласан газарт очсон. Энэ үеэр сумын Засаг даргын орлогч Л.Өлзийнэмэх, Сийрст багийн Засаг дарга Л.Энхцэцэг нар ч мөн байсан. Малчид, иргэд “энэ шороон зам дээр хэдэн тээврийн хэрэгсэл явдаг, бэлчээрийг яаж сүйтгэдгийг шат шатны удирдлагууд нүдээрээ харах ёстой. Аймгаас ирж байгаа удирдах албан тушаалтнуудыг иртэл тээврийн хэрэгслийг явуулахгүй. Хэрвээ явуулбал бид “Энержи ресурс” ХХК-ийн уурхайн аман дээр очиж утаагүй түлшний тээврийг зогсооно. Жолооч нар ч шороон замаар явах ямар хүндрэлтэй байдгийг хэлэх хэрэгтэй.” гэсэн шаардлага тавьсан. Шаардлагын дагуу аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Батдорж аймгийн Засаг даргыг бүрэн төлөөлж байгаагаа мэдэгдэн иргэдтэй уулзаж тавьсан санал хүсэлтийг шийдэж ажиллахаа илэрхийлээд явсан.

Малчдаас тавьсан шаардлагын дагуу 8 сарын 15-ны өдрийн 16 цагт аймгийн Засаг дарга Р.Сэддорж малчид, иргэдтэй Цогтцэций-Чойр чиглэлийн шороон замын тээврийн зам дээр уулзалт хийсэн. Энэ үеэр Цогтцэций суманд Таван толгой-Улаанбаатар, Чойр, Ханги мандал чиглэлд хийгдэж буй шороон замын тээвэрлэлтээс үүсээд байгаа хор хохирлыг малчид, иргэд тайлбарлаж хэлсэн. Иргэд, орон нутгаас Б.Батдорж даргад уламжилсан асуудлаа дахин танилцуулахад тэрээр “Би Цогтцэций суманд карьерын зөвшөөрөл олгохгүй. Шороон замаар тээвэр хийх асуудлыг, сум, аймгийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр хийлгэхгүй. Цагаан-Овоо багийн нутаг дэвсгэр дээрх тээврийг шинээр ашиглалтад орох гэж байгаа 59.6км замаар явуулна. Одоогийн шороон замын маршрут өөрчлөх шаардлагагүй. Харин Таван толгой-Улаанбаатар чиглэлийн “Таван толгой түлш” ХХК-ийн нүүрс тээвэрлэлтийн шороон замын тээврийг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сумын төвөөр өглөө эрт явуул...” гэсэн үүрэг даалгаврыг сумын Засаг дарга, “Энержи ресурс” ХХК-д өгсөн. Энэ үүрэг даалгаврыг хэрэгжүүлснээр учирч болох аюулыг иргэд, сумын удирдлагын зүгээс тайлбарлаж хэлсэн боловч “...үүрэг даалгаврыг хийж хэрэгжүүл...” гэсэн хариулт өгсөн.

Аймгийн Засаг дарга, түүний ажлын албаны холбогдох албан тушаалтнууд Цогтцэций суманд үүсээд байгаа аюулыг мэдэхийн дээдээр мэдэж байсан атлаа ямар ч шийдвэртэй арга хэмжээ авалгүй, энэ асуудлыг дээд шатны байгууллагууд, яам, Засгийн газарт бодитоор уламжлан иргэдийнхээ амь амьдралыг ойлгуулж ажиллахгүй байгаа харагдсан. 37 өдөр ажиллахдаа ийм л дүгнэлтэд хүрээд байна.
 

37 хоногийн хугацаанд та ямар ажил хийв?


Сумын төрийн байгууллагууд, бүтээн байгуулалтын ажлууд, малчид, ахмад, оюутан залуус гээд нийгмийн бүлгүүдийн нөхцөл байдалтай танилцлаа. Нийтлэг асуудал тоосжилт, шороон замын тээвэрлэлтээс үүдэлтэй байгаль орчин, бэлчээр, хөрсний доройтол, усны нөөцийн хомсдол, хүн, мал амьтны эрүүл мэндэд учирч байгаа асар их хохирол. Энэ хохирлыг хэн, ямар аргачлалаар тооцож барагдуулах нь тодорхойгүйгээс малчид иргэд, төр, хувийн хэвшлийн хооронд үл ойлголцол бий болдог юм байна. Мөн сумын төвийн одоогийн суурьшил дээр цахилгаан, цэвэр, бохирын дэд бүтэц хангалттай шийдэгдээгүй. Мөн нийгмийн дэд бүтэц болох эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруугаас багшид ногдох ачаалал сургалтын чанар муу болох хандлагатай байгаа гэж эцэг эхчүүд үздэг учраас хот руу хүүхдээ сургуульд явуулдаг. Уул уурхай, бүтээн байгуулалтын компаниуд малчдын оюутны төлбөр, цөөн бүр өвс тэжээлээс илүү томоохон хөрөнгө оруулалтын ажил яаралтай хийх шаардлагатай гэсэн санал давамгайлж байна. Тэр дундаа стратегийн бүс нутаг болохын хувьд энэ сумын төрийн болон хувийн уул уурхайн үйл ажиллагааг хэвийн, ашигтай ажиллуулах гол нөхцөл нь суурьшлын болон нийгмийн дэд бүтцийг шийдэж, ая тухтай орчин нөхцөлд ажилчдаа амьдруулах, стандартын замаар тээвэрлэлт хийх явдал хамгийн чухал байна. Гэтэл энэ хүнээ бодсон бодлого алдагдсанаас төрийн байгууллагууд ачааллаа дийлэхгүй төрийн үйлчилгээний чанар, хүртээмж муудаж, иргэдийн эрүүл мэнд доройтож байгаад малчид, иргэд бухимдалтай байгаа дүр зураг ажиглагдлаа. Цаашид бэлчээр, байгаль орчны нөхөн сэргээлт, сумын төвийн хамгийн ачаалалтай цэгүүдэд хатуу хучилттай зам тавин, шороон замын нүүрс тээврийг стандартын замаар явуулах, шинэ суурьшлын бүсийн дэд бүтэц, бүтээн байгуулалтыг яаралтай эхлэхгүй бол хугацаа алдсанаас нийгэм, эдийн засгийн хувьд үүсэх эрсдэл, хохирлыг тухайн үед барагдуулахад хоцорсон байх вий гэж айж байна.


Цогтцэций сумын хөгжилд юу саад болж байна гэж харж байна?


Улс төрчид, эрх ашгийн бүлэглэлд энэ сумын газар нутаг, иргэд юу ч би юм байна гэдгийг мэдэрсэн. Энэ шалтгаанаар улсын стратегийн бүс нутаг ийм дорой байдалтай байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Цогтцэций сумыг хотын статустай болгохоор заасан боловч аймгийн зүгээс дэмжлэггүй, уул уурхайн компаниудын хөрөнгө оруулалтыг аймгийн төв болон бусад сумд руу татдаг энэ шударга биш хуваарилалт нь Цогтцэций сумыг хот болгох бодлогыг алдагдуулж байгаа. Уул уурхай, бүтээн байгуулалтын компаниуд төлөвлөлттэй суурьшлыг бий болгож дэд бүтцээ шийдчихээд ажилтнаа тухтай орчин нөхцөлд, элэг бүтэн ирж амьдар гэхэд ямар ч хүн ирж амьдарна шүү дээ. Засгийн газрын бодлогыг ажил болгох үүрэгтэй зарим албан тушаалтнууд намын өнцөг, даргын үзэмжээр хөгжлийн асуудалд хандаад байгаа. Уг нь энэ цаг үед явуургүй энэ мэт хувь хүний үзэмж, намын асуудлаа хойш тавьж аймаг, сум харилцан ойлголцож хүнээ бодож хамтран ажиллах хамгийн чухал байгаа юм л даа. 2021 онд аймгаас суманд хийгдсэн хөрөнгө оруулалт, бодлогын арга хэмжээнд Засгийн газрын бодлогыг дэмжсэн зүйл харагдахгүй байгаа.


Тэгэхээр таныхаар Цогтцэций сумын хот болгох Засгийн газрын бодлого хөрсөн дээрээ буухад төрийн байгууллага, албан тушаалтан юун дээр анхаарах шаардлагатай гэж байна вэ?


Нэгдүгээрт, Засгийн газрын шийдвэрээр хэрэгжиж буй томоохон төслүүдийн мэдээлэл сум, баг, малчид иргэдэд ойлгомжтой, тодорхой ирдэггүй. Энэ нь малчид иргэдэд буруу зөрүү ойлголт өгч, асуудлыг удаашруулж ашиг хонжоо олох сонирхолтой этгээдүүдэд олз болдог юм шиг харагдсан. Гол нь иргэд мэдээлэлгүй, дээр нь Засгийн газрын тогтоолоор хэрэгжиж байгаа ажлуудыг гүйцэтгэгч нарын орон нутгийн иргэдийг үл тоож ажлыг хүчээр явуулах гэдэг хандлага тухайн бүтээн байгуулалтын төслийг иргэд дэмжихгүй байх нөхцөл болдог юм байна гэж дүгнээд байгаа.

Хоёрдугаарт, манайд төмөр зам, хатуу хучилттай зам, баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станц гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр төлөвлөж байна. Гэтэл энэ том төсөл бүрийн байгаль орчны болон иргэдийн нийгэм, эрүүл мэндийн нөлөөлөл нь харилцан адилгүй. Ямар төсөл дээр ямар аргачлалаар нөлөөллийг үнэлэх вэ? гэдэг нь тодорхойгүй байна. Аргачлал байхгүй байгаа нь эргээд төсөл гүйцэтгэгч компани, малчид иргэдийн хооронд зах дээр үнэ хаялцаж буй мэт тохиролцооны байдлаар учирч байгаа хохирол, нөхөн олговрыг тоочож байна. Аргачлал нь маш тодорхой байвал түүний дагуу нөлөөлөлд өртөж буй өрх, иргэн мөн бишийг тогтоож, мөн бол ямар хохирол, нөхөн олговор олгох эсэх нь тодорхой болно. Энэ нь малчид иргэдэд ч, гүйцэтгэгч болон төсөл хэрэгжүүлэгчид ч шударга бөгөөд төсөл удаашрахгүй байх гол шалтгаан гэж харж байгаа.

Гуравдугаарт, бид байгаль орчны хохирлоо үнэлдэг хэрнээ, хүн, малын эрүүл мэнд, амьжиргаанд тухайн бүтээн байгуулалтын төсөл яаж нөлөөлдгийг үнэлдэггүй юм байна. Өөрөөр хэлбэл, хатуу хучилттай зам барилаа гэхэд нөлөөллийн бүс гэдгийг яаж тогтоох, бүсэд багтах айл нь 3 хүүхэдтэй, 300 толгой малтай, өрх толгойлсон эцэг байлаа гэхэд тэр өрхийн амьжиргаанд тухайн төсөл сайн, муу ямар дагавартай гэх мэтчилэн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна.

Иймээс бүтээн байгуулалтын төслийн иргэдийн эрүүл мэнд, нийгмийн нөлөөллийг аргачлалыг хурдан баталж, тухайн нөлөөллийн үнэлгээгээр хохирол, нөхөн олговрыг ямар хугацаатай яаж олгох асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.

Нэмээд хэлэхэд Төрийн албаны аль ч шатны, ямар ч албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршдог. Сумын Засаг дарга ч ялгаагүй, иргэдийн хүсэлт, шаардлагыг хүлээж авч, шийдвэр гаргах эрх хэмжээ олгогдоогүй асуудлыг холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд саналыг уламжилж, тулгамдсан асуудлыг нэн даруй харилцан ойлголцож шийдвэрлүүлэх үндсэн үүрэгтэй. Энэ зарчмын дагуу малчид, иргэдээс тавьсан шаардлага, гомдол, саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж, асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд төр, иргэд, хувийн хэвшил гэсэн 3 талын нэг ойлголцолд үндэслэж, хурдан хугацаанд шийдвэрлүүлэх боломжийг эрэлхийлж ажиллаж байна. Гэтэл дунд шатны албан тушаалтнууд бүх нийтээр дагаж мөрддөг хуулийг илтэд зөрчиж, өөрсдөөс шалтгаалсан асуудлаа орон нутаг, доод шатны тушаалын албан тушаалтандаа үүрүүлж, хариуцлагаас зайлсхийж буй зарим үйлдлүүд сүүлийн үед ажиглагдах болсон. Төрийн анхан шатны нэгж дээр иргэдийн амь амьжиргаа ямар байгааг ойлгож мэдэрч, түүнийг шат шатандаа хамтран шийдвэрлэх төрийн хүний ухаан гарсан цагт Цогтцэций сумыг улсын стратегийн бүс нутаг гэж ам бардам хэлэх боломж бүрдэнэ гэж үздэг дээ.
 
Баярлалаа, таны төр түших үйлст амжилт хүсье.
 
Танд мөн баярлалаа. Амжилт хүсье.