Нийгэм

ИПОТЕКИЙН ЗЭЭЛДЭГЧИЙН ГЭНЭТИЙН ОСОЛ, ЭМЧИЛГЭЭНИЙ, ХӨРӨНГИЙН ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ОРЛОГО 2.2 ДАХИН ӨСЖЭЭ

ИПОТЕКИЙН ЗЭЭЛДЭГЧИЙН ГЭНЭТИЙН ОСОЛ, ЭМЧИЛГЭЭНИЙ, ХӨРӨНГИЙН ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ОРЛОГО 2.2 ДАХИН ӨСЖЭЭ
“Даатгалын компаниудын хөрөнгийн хэмжээ 2022 онтой харьцуулахад 16.1 хувиар өсөж 551.4 тэрбум төгрөгт, нөөц сан 23.8 хувиар өсөж 268.9 тэрбум төгрөгт хүрлээ. Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж 2022 оныхоос 30.4 хувиар өсөж 392.0 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж 41.6 хувиар өсөж 141.6 тэрбум төгрөгт хүрсэн байна.” гэж Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны тайлангийн даатгалын хэсэгт  дурджээ.
 
Улсын хэмжээнд нийт 18 даатгалын компанийн 238 салбар, 12 төлөөлөгчийн газар, 63 даатгалын зуучлагч компанийн 405 салбараар дамжуулан 713 даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг 1.3 сая даатгуулагч хувь хүн, 266700 хуулийн этгээдэд хүргэдэг. Мөн 1103 ажилтан даатгалын чиглэлээр мэргэшин иргэд, даатгуулагчдад мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ хүргэн ажилласан юм.
 
Манай улсын насанд хүрсэн /16 түүнээс дээш насны/ иргэдийн тоотой нийт даатгуулагчийг харьцуулахад 54.4 хувь гарч байгаа юм. Энэ нь даатгалын гэрээ байгуулах насны 2 хүн тутмын 1 нь даатгалтай гэж дүгнэх үзүүлэлт болжээ. Энэ салбарын тоон үзүүлэлтэд “жолоочийн хариуцлагын албан журам”-ын даатгал  хамгийн өндөр үзүүлэлттэй хэсэг нь юм байна.
 
                                                АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛ
Сүүлийн 5 жилийн дунджаар “Жолоочийн хариуцлагын албан журам”-ын даатгал нь ердийн даатгалын хураамжийн орлогын 15.5 хувийг, нөхөн төлбөрийн 31.1 хувийг, байгуулагдсан гэрээний 56.0 хувийг, нөхөн төлбөр олгогдсон гэрээний 45.2 хувийг тус бүр бүрдүүлжээ.
 
Даатгалын компаниуд тайлант үе /2023 он/-д 6.1 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын эрсдэлийг хүлээн авч, 46.9 тэрбум төгрөгийн даатгалын хураамжийн орлогыг бүрдүүлж, 35.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. Уг даатгалын бүтээгдэхүүний хохирлын харьцаа 85.8 хувь байгаа нь олон улсын дунджаас харьцангуй өндөр үзүүлэлт ажээ.
 
                                               УРТ ХУГАЦААНЫ ДААТГАЛ
Урт хугацааны даатгалын компаниудын хөрөнгө тайлант хугацаа /2023 он/-нд 16.4 тэрбум төгрөгт хүрсэн нь 2022 онтой харьцуулахад 0.7 хувиар өссөн дүн юм. Энэ төрлийн даатгалын компаниудын хөрөнгийн 83 хувь нь хөрөнгө оруулалт хэлбэрээр байршиж байгаа нь урт хугацааны даатгалын компаниуд санхүүгийн салбарын томоохон хөрөнгө оруулагч гэдгийг илтгэлээ.
 
Ийм төрлийн даатгалын хураамжийн орлого тайлант үе /2023 он/-д 3.1 тэрбум төгрөгт хүрч 2022 оныхоос 15.5 хувиар өссөн байна. Үүнээс хугацаат амьдралын даатгал, эрүүл мэндийн даатгал, хуримтлалын даатгал тус бүр 20 гаруй хувийн өсөлтийг үзүүлжээ. Мөн урт хугацааны даатгалын компанийн 2023 онд олгосон нөхөн төлбөр 2 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ нь 2022 оныхоос 51 хувиар өссөн дүн байна. Нийт нөхөн төлбөрийн 69.4 хувийг эрүүл мэндийн даатгал эзэлдэг. Мөн урт хугацааны даатгалын хураамж, нөхөн төлбөрийн харьцаа 65.7 хувь байна.
 
                                              ДАВХАР ДААТГАЛ
“Үндэсний давхар даатгал” ХК тайлант хугацаа /2023 он/-нд 12 даатгалын хэлбэрээр 179 давхар даатгалын гэрээ байгуулж, 6.7 тэрбум төгрөгийн давхар даатгалын хураамж төвлөрүүлсэн байх юм. Түүний 31.7 хувийг хөрөнгийн даатгалын хураамж бүрдүүлжээ.
 
Тус компанийн хувьд тайлант хугацаанд автотээврийн хэрэгслийн, хөрөнгийн болон мал, амьтдын даатгалын нөхөн төлбөрт 5.6 тэрбум төгрөг олгосон байна. Давхар даатгалын хураамж 6.7 тэрбум төгрөг, нөхөн төлбөр 5.8 тэрбум төгрөг гарчээ.
 
Сүүлийн 5 жилийн хугацаанд ердийн даатгалын хураамжийн орлого тогтмол дүнгээр өсжээ. Тайлант хугацаа /2023 он/-нд давхар даатгалын компанийн хураамжийн орлого 64.7 хувийн өндөр өсөлт үзүүлжээ. Даатгалын хураамжийн орлого бүрдүүлэлтийг борлуулалтын сувгаар нь авч үзвэл:
34.2 хувийг даатгалын төлөөлөгчөөр,
14.4 хувийг даатгалын зуучлагч компаниар,
10.9 хувийг банкаар дамжуулан бүрдүүлсэн байна
Даатгалын нөхөн төлбөр 2023 оны жилийн эцсийн байдлаар 126.7 тэрбум төгрөгт хүрсэн хүрсэн нь 2022 оныхоос 34.2 хувиар өссөн байна. Үүнээс хамгийн их буюу 16.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр “Практикал даатгал” ХХК олгожээ . “Практикал даатгал” ХХК, “Миг даатгал” ХХК, “Мандал даатгал” ХК, “Бодь даатгал” ХК, “Ард даатгал” ХК, гэсэн даатгалын 5 компанийн нөхөн төлбөрийн зардал 75.0 тэрбум төгрөг болжээ. Нэр бүхий компаниудын зардал даатгалын салбарын нөхөн төлбөрийн 59.2 хувийг эзэлсэн байх юм.
 
Ердийн даатгалын хураамжийн дүнд хөрөнгийн болон автотээврийн хэрэгслийн даатгал хамгийн өндөр 22.5-24.2 хувийг эзэлдэг. Харин гэнэтийн осол, эмчилгээний хөрөнгийн даатгалын хураамжийн орлого 36.5 хувийг, үлдсэн хувийг бусад хэлбэрийн даатгалын хураамжийн орлого бүрдүүлдэг. Уг даатгалын нөхөн төлбөрийг 2022 онтой харьцуулахад 36.2 хувиар өсжээ. Харин ипотекийн зээлдэгчийн гэнэтийн осол, эмчилгээний болон хөрөнгийн даатгалын хураамжийн орлого 2022 оныхоос 2.2 дахин өссөн хэмээн уг тайланд онцолсон байна.