Нийгэм

УЛСЫН ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЭХ ЦАГ АВААД ИРЭЭГҮЙ БОЛ ТОРГУУЛЬ ТӨЛНӨ

УЛСЫН ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЭХ ЦАГ АВААД ИРЭЭГҮЙ БОЛ ТОРГУУЛЬ ТӨЛНӨ
Эрүүл мэндийн даатгал төлдөг ч ихэнх хүн урьдчилан сэргийлэх болон бусад нарийн мэргэжлийн үзлэгт хамрагддаггүй.
Угтаа иргэн бүр жилд нэг удаа үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой байдаг. Мөн нөгөө талд эмнэлэгт цаг авсан ч тухайн товлолт өдөртөө очихгүй байх тохиолдол олон. Үүнээс болж эмч болон үзлэгт хамрагдах гэж байгаа хүмүүс шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж, авч чадахгүй байх нь их. Тиймээс улсын эмнэлэгт цаг аваад тухайн товлолт хугацаандаа очоогүй иргэдэд торгууль ногдуулахаар болжээ.  
Тодруулбал, эмнэлэгүүдэд зохиомол ачаалал үүсгэхгүйн тулд эхний удаа авсан цагтаа очоогүй иргэд дахин үзлэгийн цаг авах бол 20 мянган төгрөгийн торгууль төлөхөөр болсон байна. Тус торгууль нь эмнэлгийн орлого болж үлдэх зохицуулалттай журам батлагдсан байна. Журмыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан бөгөөд торгуулийн мэдээллийг эмнэлэг заавал мэдээлэх ёстой аж.
Улсын эмнэлгүүд хэт их ачаалалтай байдгийн улмаас иргэд түүнийг хүлээлгүй наана нь хувийн эмнэлэгт үзүүлдэг. Зарим нь хэдэн сарын дараа эмнэлэгт үзүүлэх өдрөө мартдаг. Эмнэлэгт үзүүлж чадалгүй хүндэрч, яаралтай тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдэж байгаа өвчтөн ч бий. Ийм байдлаар хүмүүс үзүүлэх цагтаа очихгүй бол тухайн эмнэлэг рүү утасдаж, авсан цагаа цуцлуулах шаардлагатай. Хэрвээ цагаа цуцлуулбал тухайн цагийг дараагийн хүнд өгөх замаар эмнэлгийн хүлээгдэл багасна. Авсан цагаа цуцлуулахад торгууль хүлээхгүй юм байна.