Нийгэм

26 НАМ, 2 ЭВСЭЛ УИХ-ЫН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

26 НАМ, 2 ЭВСЭЛ УИХ-ЫН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ хүлээлгэн өглөө.
Тэдгээр хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс хүлээн авав. Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хороо нам эвслүүдтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтарч ажиллахаа илэрхийлж, амжилт хүсэв. Нам эвслийн удирдлагууд ээлжит сонгуульд оролцохдоо Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн юм.
Энэ сарын 26-нд Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/, Иргэдийн Оролцооны Нэгдэл нам /ИОНН/, Үндэсний эвсэл /МНН-МҮАН/, Их эв нам /ИЭН/, Иргэний зориг ногоон нам /ИЗНН/, Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/, Бүгд найрамдах нам /БНН/,
Энэ сарын 27-нд  ХҮН нам /ХҮН/, Монголын Либерал нам /МЛН/, Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/, Иргэний хөдөлгөөний нам /ИХН/, Ардчилал шинэчлэлийн нам,  Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/,
Энэ сарын 28-нд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба Зөв нам, Ардчилсан нам /АН/, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам /САИНН/, Монгол Консерватив нам /МКН/, Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШИНЭ нам/, Монголын социал демократ нам, Монголын хүний төлөө нам, Дэлхийн монголчууд нам (ДМН), Ард түмний хүч нам, Эх орон нам, Монгол Ардын нам /МАН/, Хөгжлийн хөтөлбөр нам,  Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/, Монгол шинэчлэлт нам /МШН/-ын удирдлагууд тус тус хүсэлтээ өгсөн байна.
Зүй ёс нам энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн аж. Сонгуулийн ерөнхий хорооны энэ оны 22 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсэг тус баримт бичгийг нягтлаад, СЕХ-ны хуралдаанд танилцуулна. Уг хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах юм.