Нийгэм

ҮНДЭСНИЙ СУРЫН НЭЭЛТИЙН ХАРВААНД 70 ХАРВААЧ ОРОЛЦЛОО

ҮНДЭСНИЙ СУРЫН НЭЭЛТИЙН ХАРВААНД 70 ХАРВААЧ ОРОЛЦЛОО
Говь-Алтай аймгийн үндэсний сурын 2024 оны нээлтийн харваа тавдугаар сарйн 18-нд Алтай хотноо өдөр болж, харваачид тэгш дүүрэн наадлаа.
 
Харваанд Говь-Алтай аймгийн харваачдаас гадна Баянхонгор, Дархан аймгийн улс, аймаг, сумын зэрэг цолтой 70 гаруй харваач оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм. Нээлтийн харваа нь харваачдын шинэ оны өнгийг тодорхойлох чухал харваа болдог, тиймээс ч харваачид ихээхэн ач холбогдол өгч оролцдог байна.
Говь-Алтай аймгийн харваачдын холбоо 2015 онд байгуулагдсан цагаас хойш үндэсний сурын спортын хөгжил, харваачдын чадвар чансааг сайжруулах зорилго тавин үйл ажиллагаагаа явуулдаг байна. 2016 онд Монгол Улсын шилдэг холбоо, 2017 2018 2022 2023 онд шилдгийн шилдэг холбоогоор нийт дөрвөн удаа шалгарч байсан бөгөөд харваачид ч төрийн наадамд амжилттай оролцсоор иржээ. Тодруулбал, 2018 онд Бугат сумын харваач Б.Дашзэвэг улсын наадамд түрүүлж, Алтай нутгийн эрэгтэй харваачдаас анхны улсын мэргэн болж байсан юм. Энэхүү түүхэн амжилтыг үнэлэн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хоёр өрөө байр хүлээлгэн өгч анх удаа төрийн наадмын түрүү харваач байраар шагнагдаж байсан. Энэ нь үндэсний сурын спорт Алтай нутагт хэрхэн хөгжиж, үнэлэгдэж байгааг илтгэж байгаа юм гэдгийг Говь-Алтай аймгийн харваачдын холбооны тэргүүн Лхагва-Очир онцлон хэлж байлаа.
Нээлтийн харваанд оролцож буй харваачдын тоо, ур чадварыг харахад үндэсний сур харваа Говь-Алтай аймагт хэрхэн хөгжиж дэвшиж байгааг харж болох юм. Үндэсний соёлын үнэт өвийн нэг болох үндэсний сурын харвааг монгол хүний бие бялдар, оюун ухаан, ёс суртахууны төлөвшлийн хэрэглүүр болгон дэлгэрүүлэхийн зэрэгцээ улам боловсронгуй болгон хүүхэд багачуудад таниулан сурталчилж, орон нутагтаа хөгжүүлэх зорилгоор жил бүр нээлтийн харвааг зохиодгоороо онцлогтой юм.