"Рансомвэйр" халдлага нь 1989 оноос эхлэлтэй бөгөөд өнөөдөр улам бүр хүчээ авч, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулга гаргахад хүргэсэн. 2023 онд дэлхий даяар 317 сая гаруй ийм төрлийн халдлагын оролдлого бүртгэгдэж, 4500-5000 нь амжилттай болсон байдаг. Нэхэмжилсэн төлбөрийн хэмжээ жил бүр өсөж, 2023 онд дунджаар 2.73 сая ам.долларт хүрчээ. Эрүүл мэндийн болон хэрэглэгчийн үйлчилгээний салбарууд хамгийн их өртсөн салбаруудын тоонд орж байна.
Кибер халдлагын улмаас зөвхөн санхүүгийн хохирол төдийгүй хүний амь нас эрсдэх тохиолдол ч бүртгэгдсэн. Тухайлбал, 2020 онд Германы Дюссельдорфын их сургуулийн эмнэлэгт болсон халдлагын улмаас эмнэлгийн системүүд ажиллахаа больж, нэг өвчтөнд шуурхай тусламж үзүүлж чадаагүйгээс амь нас эрсдсэн байдаг.
Монгол Улсад кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрх зүйн орчин бүрдүүлж, 2021 онд Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталсан. Мөн 2022 онд Засгийн газрын 493 дугаар тогтоолоор "Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги"-ийг баталсан. Гэсэн ч Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2024 онд гаргасан Кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 103-т эрэмбэлэгдсэн нь техник технологийн шинэчлэл, хүний нөөцийн чадавх сул байгааг илтгэж байна.
Иймд эрүүл мэндийн байгууллагууд кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэж, техник технологийн шинэчлэлд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Мөн төлбөртэй, найдвартай програм хангамж ашиглах, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, ажилтнуудын кибер аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх нь чухал юм.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, "Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв" Үндэсний дата төвтэй хамтран "Эрүүл мэндийн байгууллагуудын кибер аюулгүй байдал" хэлэлцүүлгийг зохион байгуулж, эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгч байна.