Нийгэм

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР БНФУ-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР БНФУ-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 61 жилийн ой 2026 онд тохиож байна. Энэхүү ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрейра тэргүүтэй төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол улс БНФУ-тай хот байгуулалт, дэд бүтэц, хотын тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Хотын дарга Х.Нямбаатар “Франц улс бол манай гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш. Улаанбаатар хот Парис болон бусад хоттой харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахад анхаарч байна. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сард Парис, Лион хотод Улаанбаатар метро, дүүжин замын тээврийн төслийн хүрээнд уулзалт хийсэн. Цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.  Элчин сайд Коринн Пэрейра хариуд нь цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгийг тэмдэглэн хэлжээ.