Нийгэм

ЭМНЭЛГИЙН ДААТГАЛЫН САНХҮҮЖИЛТИЙН АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ ШИЙДЛИЙГ ХАМТДАА ХЭЛЭЛЦЛЭЭ

ЭМНЭЛГИЙН ДААТГАЛЫН САНХҮҮЖИЛТИЙН АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ ШИЙДЛИЙГ ХАМТДАА ХЭЛЭЛЦЛЭЭ
Эмнэлгийн даатгалын санхүүжилтийн үр ашиг, алдагдлыг бууруулахад чиглэсэн нээлттэй хэлэлцүүлэг Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт амжилттай зохион байгуулагдлаа.
“Даатгалын санхүүжилтийн алдагдалгүй ажиллахад сувилагч, тусгай мэргэжилтний оролцоо” сэдэвт уг хэлэлцүүлэгт 22 тасаг, нэгжийн төлөөлөл оролцож, өдөр тутмын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, алдагдлын шалтгаан, түүнийг бууруулах бодит боломж, шийдлүүдийг хэлэлцсэн байна.
Хэлэлцүүлгийн үеэр ахлах сувилагч нар тасаг, нэгжид хэрэгжүүлж буй ажлын туршлага, гарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг даван туулах арга замаа танилцуулж, даатгалын санхүүжилтийг оновчтой төлөвлөх, үр ашигтай зарцуулах, дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр санал, санаачилгуудыг дэвшүүллээ.
Мөн арга хэмжээнд эмнэлгийн удирдлага болон холбогдох алба, нэгжүүдийн төлөөлөл оролцож, даатгалын санхүүжилтийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, бүртгэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Энэхүү хэлэлцүүлэг нь эмнэлгийн санхүүгийн сахилга батыг бэхжүүлэх, даатгалын алдагдлыг бууруулах, сувилахуйн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.