Гадаад мэдээ

ПАРИСТ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, МИЛАНД 500 ЦЭРЭГ ОРУУЛНА

ПАРИСТ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, МИЛАНД 500 ЦЭРЭГ ОРУУЛНА
Францын ерөнхий сайд Себастьян Лекорню захирамж гаргаж, тус улсад өрнөсөн эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдал болсонтой холбогдуулан Парис хотод хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ. Хөл хориог Парис хотын Бүгд найрамдах талбай болон Аль дүүрэгт 23.00-06.00 цагийн хооронд тогтоож байна. Франц улсад өнгөрсөн есдүгээр сарын дунд үеэс эхлэн ахлах ангийн сурагч, оюутнууд цуглан, сургалтын орчныг сайжруулах шаардлага тавьж эхэлсэн билээ. Хожим нь эсэргүүцлийн жагсаалд амьжиргааны өртөг нэмэгдсэнд бухимдсан иргэд нэгдэж, эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлсэн. Энэ сарын 17-нд жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч, олон зуун дэлгүүрийг тонон дээрэмдэж, автомашинуудыг галдан шатааж, хууль хүчнийхэнтэй мөргөлдөөн үүсгэсэн билээ. Францын дотоод хэргийн яамны мэдээллээр, жагсаал цуглаанд 550-800 мянган хүн оролцож, 2.4 мянган хүнийг саатуулж, 997 цагдаа гэмтэл бэртэл авчээ.
Дотоод хэргийн сайд Лоран Нуньес нөхцөл байдал хяналтаас гарсныг мэдэгдэж, жагсагчдын тоо цагдаагийн бие бүрэлдэхүүнийг хэд дахин давсныг хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр хариуцлагыг өөртөө хүлээн, огцрох өргөдлөө өгсөн ч Ерөнхийлөгч Эммануэль Макрон өргөдлийг нь хүлээн авахаас татгалзсан байна. Үүнтэй зэрэгцэн мөн эмх замбараагүй байдалд автаад байгаа Италийн Милан хотод 500 цэргийн алба хаагчийг оруулахаар болсон тухай тус улсын шадар сайд Маттео Сальвини мэдэгджээ. Хоёр хоног үргэлжилсэн эмх замбараагүй байдлын үеэр жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, дэлгүүрүүдийг тонон дээрэмдэх, бусдын өмч хөрөнгөд халдах зэрэг хэрэг гарсан. Үүний улмаас учирсан хохирлын хэмжээ 1.6 сая еврод хүрээд байна.