Нийгэм

Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно

Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно

Урин дулаан цаг буюу зуны сар айлчлан ирлээ. УЦУОШГ-ын цаг уурч Ш.Тэргэлээс цэцэг жимс, нар хур тэгширдэг зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээллийг тодрууллаа.

-Зургадугаар сард цаг агаарын урьдчилсан төлөв байдал ямар байх вэ?

-Ирэх зургадугаар сарын агаарын температурын хувьд баруун аймгуудын нутгийн ихэнхи хэсгээр олон жилийн дунджаас дулаан байхаар байна. Бусад нутгаар олон жилийн дунджаар байна. Хур тунадасны хувьд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага. Төвийн аймгуудын нутгийн зүүн болон говийн аймгуудын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Бусад нутгаараа олон жилийн дундажтай адил байна. Агаарын температур, хур тунадасны явцын хувьд ихэнхи нутгаараа ирэх сарын нэгдүгээр 10 хоногийн дунд үеэр мөн хоёрдугаар 10 хоногийн эхэн болон гуравдугаар 10 хоногийн дунд үеүдэд агаарын температур сэрүүсэх төлөвтэй байна. Сарын эхэнд буюу нэгдүгээр 10 хоногийн эхэн болон сүүлээр мөн хоёрдугаар 10 хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар 10 хоногийн эхээр ихэнхи нутгаар агаарын температур өмнөх өдрөөсөө 2-5 хэмээр дулаарах төлөвтэй байна. Хур тунадасны хувьд сарын эхэнд буюу нэгдүгээр 10 хоногийнхоо эхэнд баруун болон төвийн аймгуудын нутгаар, нэгдүгээр 10 хоногийн дунд үед төв болон зүүн аймгуудын нутгаар, мөн нэгдүгээр 10 хоногийн дунд үед баруун аймгуудын нутгаар, нэгдүгээр 10 хоногийнхоо сүүлчээр төвийн болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас орно. Сарын дундуур буюу хоёрдугаар 10 хоногтоо төвийн болон зүүн аймгуудын нутгаар бага зэргийн тунадас орох бол гуравдугаар 10 хоногтоо нийт нутгаараа хур тунадас ахиу орох төлөвтэй байна.

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад хур тунадас хэр их орох вэ?

-Ихэнхи нутгаараа хур тунадас олон жилийн дунджаар байна. Төвийн аймгуудын зүүн, говийн аймгуудын өмнөд хэсгээрээ олон жилийн дунджаас арай ахиу хур тунадас орно. Өнгөрсөн жил хур тунадас олон жилийн дунджаасаа бага байсан бол агаарын температурын хувьд олон жилийн дунджаасаа дулаан байсан.

-Ирэх сард ямар бүс нутгуудад хур тунадас бага байх төлөвтэй байна вэ?

-Хур тунадас багатай нутгууд гэвэл Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар тодруулбал Өмнөговь аймгийн өмнөд хэсэг, Дорноговь аймгийн ихэнхи нутгаар хур тунадас багатай байхаар урьдчилсан төлөв гарсан.

Эх сурвалж: ОБЕГ