Нийгэм

Д.ПҮРЭВДАШ БАГШИЙН НОМЫН БАЯР, БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

Д.ПҮРЭВДАШ БАГШИЙН НОМЫН БАЯР, БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО
Монгол Улсад эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын зөвлөх инженер, доктор /Ph.D/, дэд профессор Даваажавын Пүрэвдаш багшийн номын баяр, бүтээлийн үзэсгэлэнг зохион байгууллаа. Эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэн бэлтгэх анхны элсэлтийг 1996 онд авч байсан бөгөөд тухайн үед 50 орчим оюутан энэ чиглэлээр суралцаж эхэлсэн түүхтэй.
Түүнээс хойш тус мэргэжлээр нийт 1000 гаруй инженер, мэргэжилтэн бэлтгэгдэн гарсан бол ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженерийн хөтөлбөрийг 500 гаруй оюутан төгсжээ. Монгол Улсад энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд Монгол Улсын зөвлөх инженер, доктор /Ph.D/, дэд профессор, ШУТИС-ийн ЭХИС-ийн Цахилгаан техникийн тэнхимийн эрхлэгч Даваажавын Пүрэвдаш багш үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Д.Пүрэвдаш багш нь 1998 оноос эхлэн ЭХИС-ийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженерийн хөтөлбөрт багшилж, өдгөө 26 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Тэрээр 2019 онд “Цахилгаан энергийн чанар, дээд гармоникийн агууламжийн судалгаа” сэдвээр, эмнэлгийн цахилгаан хангамжийн жишээн дээр техникийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалжээ.
Түүний “Цахилгаан энергийн чанар, дээд гармоникийн агууламжийн судалгаа”, “Клиникийн тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа, эрчим хүчний оргил ачааллыг бууруулах шийдэл”, “Цахилгаан эрчим хүчний гармоникийн хэмжилт, туршилт” зэрэг зохиогчийн эрхийн гэрчилгээтэй бүтээлүүд нь эмнэлгийн инженерчлэл, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааны чиглэлээр суралцаж буй оюутан залууст мэргэжлийн гарын авлага болон ашиглагдаж байна.
Мөн Д.Пүрэвдаш багшийн оролцсон гэрээт эрдэм шинжилгээний ажлууд, “Энгийн рентген төхөөрөмжийн нэмэлт тоноглол”, “Хүний эрхтэний өвчнийг судлах тоон арга”, “Нам хүчдэлийн цахилгаан энергийн чанарын түвшинг спектрээр тодорхойлох арга”, “Цахилгаан тоног төхөөрөмжийн газардуулгын хэвийн байдлыг хянах арга” зэрэг шинэ бүтээл, оновчтой саналууд нь эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтэрч, бодит үр дүнгээ өгсөөр байна.
Энэхүү номын баяр, бүтээлийн үзэсгэлэн нь нэг багшийн хөдөлмөр, бүтээлийг алдаршуулахаас гадна Монгол Улсад эмнэлгийн инженерчлэлийн салбар үүсэж, хөгжсөн 30 жилийн түүхэн замнал, энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд багш, судлаачдын оруулсан хувь нэмрийг тодотгосон арга хэмжээ боллоо